Татварын шинэчлэлийн талаарх ойлголт, мэдээлэл харилцан адилгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-14 16:16:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-д бизнес эрхлэгч нар, ААН-үүдэд зориулан Татварын шинэчилсэн хуулийн хэрэгжилтийн талаар татвар төлөгч нарыг оролцуулсан хэлэлцүүлэг болж байна. 


Хэлэлцүүлгээр татварын багц хуулийн талаар бизнес эрхлэгчдийн саналыг сонсохоос гадна татвар санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн удирдлага болон төлөвлөлтийн чиглэлээр нэг өдрийн үнэ төлбөргүй зөвлөгөө, сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад татварын хуулийн хэрэглээ, шийдлийн тухай илтгэл, татвар, санхүүгийн цахим сайтад хэрхэн бүртгүүлэх, тайлан илгээх талаар мэдээлэл, татвар санхүүгийн үнэгүй зөвлөгөө өгч байна. 

МҮХАҮТ, "Монголтакс ТМЗ" ХХК хамтран Татварын шинэчилсэн хуулийн талаарх бизнес эрхлэгчдийн ойлголт, мэдлэг болон хэрэглээ, мэдээллийн хүртээмжийг тодруулах зорилготой судалгааг хийжээ. 

Судалгаагаар татварын хуулийн шинэчлэл татварын ачааллыг бууруулж буй эсэх, бүх төрлийн хүүгийн орлого болон үнэт цаасны зах зээлтэй холбоотой үйл ажиллагааны орлогыг НӨАТ-аас чөлөөлсөн, мөн татварын тайланг 1 жилийн дотор залруулах, татварын өрийг 2 жил хүртэл төлөх боломж олгож буй зэрэг нь бизнест дэмжлэг болж буй эсэхийг танджээ. 


Судалгаагаар татварын шинэчилсэн хуулийн талаарх бизнес эрхлэгчдийн ойлголт дунд зэрэг байгаа нь оролцогчдын 34 хувиар гарчээ. Тодруулбал, судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 17 хувь нь татварын шинэчлэлийг сайн ойлгож, хүлээн авсан гэсэн бол 29 хувь нь бага зэрэг, мөн 17 хувь нь ойлголтгүй байна гэсэн хариу өгчээ. 

Тухайлбал, татварын өр хураах ажиллагаанд орсон өөрчлөлт, татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, хураах, мөнгөн хэлбэрт шилжүүлэх, орлого хуваарилах гэсэн зохицуулалтын нөлөөлөл, татварын давуу эрхийн зарчмыг судалгаанд оролцогчдын 27 хувь нь мэдэхгүй байна, 64 хувь нь энэ талаар хангалттай мэдээлэлгүй байна гэсэн бол дөнгөж 9 хувь нь сайн ойлгож мэдэж байгаа хэмээн хариулжээ. 



Холбоотой мэдээ