Азербайжаны Зэвсэгт хүчний хошууч генерал, хурандаа нар амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2020-07-15 13:10:38
twitter.com/Nyamkanmk

БАКУ. /TASS/. Азербайжан болон Арменийн хилийн зурваст болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас Азербайжаны Зэвсэгт хүчний хошууч генерал Полад Гашимов, хурандаа Илгар Мирзоев нар амиа алджээ.


Тус хоёр улсын зэвсэгт мөргөлдөөн ням гарагт эхэлж, олон тооны цэрэг амиа алдаад байна. Зэвсэгт мөргөлдөөнийг хэн түрүүлж эхлүүлсэн нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа бөгөөд талууд үүнд бие биеэ харилцан буруутгасаар байгаа юм.


Энэ үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ, уг хэрэгт санаа зовниж буйгаа илэрхийлээд, Москва талуудын дунд зуучлагч хийхэд бэлэн байна гэв.


Тэрбээр, “талууд байгуулсан гал зогсоох хэлэлцээрээ хүндэтгэж, галаа зогсоохыг бид уриалж байна. Мөн бид Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг хамтран даргалагчийн хувиар энэхүү асуудлыг зохицуулах чиглэлд зуучлагч хийхэд бэлэн байна. Үүнийг бид бүх түвшинд удаа дараа хэлсэн” гэж мэдэгджээ.

Холбоотой мэдээ