"Хур харцага" домгийн эзэн бодит хүн байсан гэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-06-16 16:28:35
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Музейд "Хур харцага" хэмээх зураг хадгалагдаж байдаг бөгөөд зураач Ё.Жигмэддулам 1984 оны үед тус Музейд хадгалуулжээ.
Энэхүү зургийг онцлохын учир нь тус аймгийн иргэдийн дунд нэгэн домог яригддаг бөгөөд энэхүү зургийг тэр домгоос сэдэвлэн бүтээжээ.
Домгийг өгүүлье. Гурвансайхан сумын Их газрын чулууны ууланд хэдэн азарга адуу багтах хадан хүрээтэй сүрлэг өндөр хэсэг байдаг ба түүнийг Хур харцагын таг гэдэг юм.  Энэ цохио хавиар эхтэйгээ хоёул ядуу зүдүү амьдардаг Хур гэгч залуу эр 1700-аад оны сүүл үед амьдардаг байж.
Тэр эр бие өсөж, Их газрын чулуунаас баруун тийш байх Хаалган хадны орчим нутагладаг Дайчин бэйсийн хошууны ноён Үржинжавын амны ус зөөдөг зарц болж. Бяр тэнхээ орж байгаа нь өөрт нь мэдрэгдэж барилдахын хүслэн болохдоо усны тэрэг хөллөдөг шартайгаа ноцолдон өнхрүүлж, унагаж, өргөж, босгож наадаад байхыг нь үзэж мэдсэн ноёнтон наадамд явахдаа галчаар авч явжээ.
Олон хошууны ноёд ирсэн тэр наадмын үеэр Боржигон сэцэн ван “Энэ танай бөх үү” гэж асуухад Үржинжав ноён “бишээ, галч” хэмээн хариулсан гэдэг.
Орой нь Сэцэн вангийнхан хоорондоо барилдаж дасгал хийж байхад Хур хүү очиж “Би барилдья” гэхийг сонсоод Сэцэн вантан “эр хүн байна, барилд” гэжээ. Барилдаад тэр бөхчүүдийг бүгдийг түүртэлгүй унгасанд вантан “галч нь ийм байгаа юм, бөхчүүл нь сайн байж таараа” хэмээн боджээ.
Хур хүү үүнд зориг орж, наадамд барилдуулахыг ноёноосоо гуйсанд Үржинжав ноён “Хэрэв чамайг түрүүлбэл би хариад чамд таван ханатай гэр өгье” гэжээ. Тэгээд наадамд газар газраас ирсэн хүчтэнгүүдтэй барилдаж, бүгдийг унагаан түрүүлж “харцага” цол авч, нутаг хошуугаа алдаршуулжээ.
Нутагтаа ирээд ноён хэлсэндээ хүрсэнгүйд Хур харцага дургүйцэн адрах болж, ноён ч хатуурхаж хоёул сөргөлдсөөр ноёнтой өстэй хүн толгойгүй гэгчээр орон нутагаасаа хөөгдсөн аж. Чингээд өөр хошуу нутагт очиж амь зуухаар явахдаа “Хошууны чинь бөх надаар дуусаг” гээд зодгоороо газар шавхуурдчихаад, өмгөр хар гэрээ баглаж дээр нь хөгшин эхийгээ суулгаж үүрээд баруун хойд зүг рүү явахдаа ноёны өргөөний өмнүүр зориуд орсон аж.
Тэр үед ээждээ “Би туйлж байгаа дүр үзүүлнэ, та тэмээ үргэж байгаа мэтээр “Хаа хаа гээрэй” гэж хэлж, ноёны өргөөнөөс үргэж байгаа дүр үзүүлж тонгочин явжээ. Дундговь аймгийн төв хэсэгт дэлгэрсэн энэ домгийн эзэн бодит хүн байсан хэмээн ярьдаг. 

Холбоотой мэдээ