Ө.Цэрэннадмид: Хүүхдээ сайн сонсож чадвал тэд маш их зүйлийг хүсдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-06-04 14:58:46
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Зураг зурах авьяастай, бусдад нөлөөлөх хүчтэй ертөнцтэй, өөрийн хүч авьяасаараа сайн үйл хийх хүсэл мөрөөдөлтэй нэгэн бяцхан охинтой ярилцлаа.

Тэрээр “Хүсэл мөрөөдлийнхөө төлөө одооноос хичээцгээе” групп ажиллуулж, өөрийнхөө үзэл бодол, хүсэл мөрөөдлийг бусдад ойлгуулахыг хичээж явна. Энэ охин бол Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн 9-р ангийн сурагч Ө.Цэрэннадмид юм.


-Чиний ертөнц их өвөрмөц юм, зураг зурна гэдэг маш их авьяас, бас маш их ухаан. Би саяхан фэйсбүүкээс чиний хашаан дээр зурсан зургийг олж харлаа. Маш сайхан санагдаж, бас чамаар бахархлаа. Ингэж бетонон хашаан дээр зураг зурах санааг хэн чамд өгөв, энэ зургаар юу хэлэхийг зорьсон бэ?

-Би өөрөө хөөрхөн дүүтэй, дүүгээ гудамжинд найзуудтайгаа элсээр тоглож байгааг харах бүртээ “хэрвээ тоглоомын талбайтай байсан бол дүү маань арай өөрөөр тоглох байсан байх даа” гэж боддог байсан. Мэдээж би тоглоомын талбай барьж, байгуулж чадахгүй юм чинь ядаж өөрийнхөө чаддагаар орчныг нь гоё болгоё гэж бодоод хашаан дээрээ зураг зурах санаа төрсөн.

Ер нь хүүхдүүд өмнө нь энэ хашаан дээр өөрсдөө зураг зурдаг байсан, тэрнээс ч бас санаа авсан. Тэд нарын зурдаг байсан зургийг илүү өнгө үзэмж нэмэн сайжруулан зурсан гэсэн үг. Тэдэнд маш их таалагдсан. Бяцхан хүүхдүүд хэлдэггүй л болохоос дотроо хүсдэг. Хоорондоо ярилцвал таны бодож байгаагүйгээр гайхашруулах болно. Хүүхдээ сайн сонсож чадвал тэд маш их зүйлийг хүсдэг.

Айлын хашаан дээр зурахаар зарим айл дургүйцэх байх гэж бодоод өөрийнхөө хойд талын хашааны гадна талд зурсан. Манай хашааны хойд талд гудманд их олон хүүхэд тоглодог.

Ер нь бол үлгэрийн баатрууд, эгдүүтэй, хүүхдүүдийн дуртай дүрийг зурсан. Хүүхдүүдийг төлөөлж, тэдний гэнэн цайлган, сайхан сэтгэлийг бас хүсэл мөрөөдлийг нь дүрслэн зурах гэж хичээсэн.

-Мэдээж бетонон ханан дээр зураг зурахад олон янзын будаг их хэмжээгээр орж таарна. Чамайг хэн дэмжиж, тусалсан бэ?  

-Ээж, аав хоёр маань, бас манай сургуулийн нийгмийн ажилтан дэмжсэн. Багш маань надад шохой олж өгсөн. Аавын найзууд, ер нь л олон хүн тусалсан. Будаг, багс авчирч өгөөд, их гоё байсан. Шингэлэгчгүй болчихоор “надаас авчих” гээд л, туслах хүмүүс зөндөө байсан.

Ер нь хүүхдүүд бид нар хийх гэж байгаа зүйлээ хүмүүст ойлгуулж чадах юм бол тэд дэмжихэд бэлэн байдгийг би мэдэж авлаа. Бас бусдын төлөө гэсэн ажил амархан бүтдэг гэдгийг ойлгож авлаа.

-Зураг зурах авьяас чамд байна, өмнө нь Цагдаагийн газраас зохион байгуулсан зургийн уралдаанд оролцоод түрүүлсэн байсан. Ирээдүйд зураач болох уу, чиний хүсэл мөрөөдлийн тухай ярилцья.

-Би ирээдүйнхээ мэргэжлийг зургаар төсөөлж байгаа. Ер нь бага ангиасаа л зураг зурах дуртай байсан. Тэгээд дунд ангид ороод зургаадугаар ангиасаа илүү зурж эхэлсэн. Сонирхолтой сэдвүүдээр өөрөө зохиогоод зурчихаар их гоё мэдрэмж төрдөг юм.

Тэр зургийн уралдаанд байгаль орчноо хамгаалах арга замыг харуулсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Тэгээд би өөрийнхөө зургаар гялгар уут хаяхгүй байх, байгалийн эрчим хүч, нарны энергийг ашиглах, гялгар уут биш, даавуун уут ашиглах, машин биш, дугуй унадаг байя гэсэн санааг тусгасан.

Ер нь ийм эко байдлаар аж төрөх боломж манай аймагт бүрдээгүй. Дугуй унах байтугай явган хүний зам ч ховор байдаг. Тиймээс дугуй унахын тулд машин замаар л явна, ингэж явах нь маш их аюултай.

Цаашдаа уран зураг гэхээсээ илүү хар зураг, графикаар явна гэж бодож байгаа. Ирээдүйд би архитектор гэсэн мэргэжлийг сонгосон. Долдугаар ангиасаа л энэ мэргэжлийг сонгож, судлаад явж байгаа. Ер нь бол хотын хөгжил, өнгө үзэмж нь барилга, байгууламжийнхаа өвөрмөц шийдлээс хамаардаг гэж боддог. Тиймээс аймгийнхаа төв, хотын өнгө үзэмжийг нь сайжруулахын тулд өвөрмөц шийдэлтэй, гоё гоё барилга байгууламжийн зураг, төслийг хийж, хөгжүүлье л гэсэн мөрөөдөлтэй явдаг.

-Тэгэхээр аймгийнхаа, хотын хөгжлийн талаарх бодлоо хуваалцаач, засч сайжруулмаар зүйл чиний нүдээр харахад юу байдаг вэ?

-Би өглөө болгон гүйдэг. Аймгийн төвийн зүүн, зүүн урд захаар гүйдэг болохоор өглөө болгон тэр хавийн балгас болсон байшин, хогийг хараад “чаддаг бол энэ хавийг гоё тохижуулахсан, өөр аймгийнхан үүгээр явж өнгөрдөг шүү дээ” гэж боддог. Нурсан балгасуудаа ядаад цэвэрлэчихвэл хамаагүй дээр харагдана даа.

Дугуйны зам барьдаггүй юм аа гэхэд тэр хавийг цэвэрлээд мод тарьчих юм бол тэр дундуур алхаж явахад хэчнээн сайхан байх билээ дээ.

Аймгийн барилгууд нь хуучирсан, хуучин барилга байгууламж, зам талбай хуучирснаараа байгаад л байдаг. Жишээлбэл, шат гэхэд л ямар ч стандартгүй, зарим нь өндөр, зарим нь намхан л байх жишээтэй. Саад гэхэд л эвдэрч хэмхэрсэн, шавар, тоосго нь нурчихсан, сандлууд нь хугарчихсан, гэрлүүд нь асахгүй болчихсон байх юм. Ер нь бол тэр бүгдийг жил бүр засч, шинэчилж, ядаж төвийнхөө орчинг үргэлж гоё, сайхан байлгаад байвал иргэддээ ч сайхан шүү дээ.

-Хүүхэд хөгжих орчин манай аймагт бараг л байхгүй дээ, өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ?

-Ер нь бол илүү сайхан амьдрахыг хүсвэл хүүхдүүдийнхээ ирээдүйг сайн харах хэрэгтэй гэж боддог. Тоглоомын талбай барилаа гэхэд чанар муутай байх жишээтэй. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан, удаан ашиглагдахаар, стандарт шаардлага хангаж чадахгүй л бол тийм тоглоомын талбай бариад ч хэрэггүй гэж боддог.

Манай аймгийн хувьд хүүхдүүдийн очих, тоглох орчин үнэхээр хангалтгүй. Миний хувьд одоогоор гэртээ л байж байна даа. Зургаа зураад, тэтгэлэг, энэ тэрийг судлаад, гадаад хэлний мэдлэгээ сайжруулахад хичээж байна. 

Нутгийн удирдлагууд хувь хүний хөгжилд анхаарч байгаасай гэж хүсдэг. Сургуулийн орчинд хүртэл л хүүхэд хөгжих боломж хязгаарлагдмал байдаг. Хүүхдүүд хичээлээс гадуур давтлагад явахаас өөрөөр хөгжих боломж байхгүй.

Усанд сэлэх, спорт, урлагаар хичээллэх, бүжиг сурах гэх мэтээр хүүхдийг хөгжүүлэх боломжтой байвал зүгээр санагддаг. Дугуйланд явах, хичээл сонсохоос гадуур бидний хөгжих боломжийг нь бүрдүүлээсэй.

Ер нь хүүхдүүдэд ч бас өөрсдөд нь хийх их хүсэл байдаг. Хүслийг нь дэмжиж туслаад байх юм бол хамтдаа хөгжих боломжтой. Бусдаар хүүхдүүдийн өмнөөс тэдний хүсэл, санаанд нийцэх, нийцэхгүй зүйл хийж, барьж өгөөд байхаар тэд хөгжихгүй, ямар ч хүсэл тэмүүлэлгүй болчих гээд байгаа. Тийм болохоор хамтдаа хийвэл болно шүү дээ.

-Тэгэхээр энэ бол хүүхдийн, иргэдийн оролцоотой шууд холбоотой зүйл. Энэ талаар юу гэж боддог вэ? Ер нь сайн дурын ажилд хүүхдүүд оролцох дуртай байдаг болов уу?

-Хүүхдийн оролцоо ер нь бол бага байдаг. Би өөрөө ч бас тийм байсан. Харин хөл хорионоос болоод хичээл орохоо байж, гэртээ суусан энэ үедээ судалж байж л өөрөө ойлгож байгаа болохоос биш өмнө нь бас тийм л байсан. Нийгмийн сайн дурын ажил хийх гэхэд хүүхдүүд их зугтаадаг, өөрсдийгөө хөгжүүлье гэсэн бодол, хүсэл байдаггүй, бусдад тусалья, хийе гэсэн санаа байхгүй. Тэр нь заримдаа том хүмүүсээс ч хамаарч байгаа байх.

Хүүхдүүд энэ талаар ойлголт байхгүй байдаг болохоороо хүсэхгүй байх шиг санагддаг. Томчууд өөрсдөө сайн дурын ажил хийгээд, түүндээ хүүхдээ оролцуулаад байх юм бол тэд багаасаа л эцэг эхээсээ, багш нараасаа, ойр орчиндоо байдаг хүмүүсээс үлгэр дууриал авна гэж боддог. Тийм болохоор томчуудын зөв үлгэр дууриал их чухал.

Сайн дурын ажилд иргэдээ, хүүхэд багачуудаа оролцуулдаг байгаасай гэж хүсдэг. Гол нь удирдлагууд, багш нар, аав, ээжүүд хүүхдээ дэмждэг байх хэрэгтэй.

Ер нь бол хүүхэд бүрт дотоод “мотор” хүч байх хэрэгтэй. Хүнээр “чи тэг, чи ингэ” гэж хэлүүлж хийдэг биш, тэр хүүхэд өөрөө хүсч, тэмүүлж байж хийдэг байгаасай. Хэрэв хүүхэд өөрөө хүсэх юм бол ойр орчных нь хүмүүс дэмжээд өгдөг юм байна. Ингэж чаддаг гэдгийг би өөрөө сая мэдэрлээ. Тийм болохоор хүүхэд бүр өөрөө амьтай байж, бусдад өөрийгөө ойлгуулж байж, өөрөө сайн байж л бусдыг уриалан дуудаж чаддаг байх.

Хүн ер нь сайн дурын ажлыг эхлээд завтай үедээ хийдэг байсан бол сүүлдээ зав гаргаж хийдэг болдог юм байна. Түүнийг хийх нь амьдралын нь нэг хэсэг болдог юм уу даа.

-Энэ зун юу хийх төлөвлөгөөтэй байна даа? Хийх гэж хүсч байгаа зүйлээ танилцуулаач?

-Маскаа зүү, хурдаа багасга гээд байнга хүмүүст хэлээд байхаар бүр дасал болчихсон, биелүүлдэггүй, хүмүүс тоохоо байчихсан байдаг даа. Ийм мессежүүдийг арай гоё, сонирхолтой байдлаар зураад самбар хийх юмсан гэж бодоод байгаа.

Зураг зурахад сэдэвээ гаргаж, хүмүүст санаагаа хүргэхийн тулд утга их чухал байдаг. Тиймээс утгыг нь гоё гаргаад замын тэмдэг хийе гэж бодож байгаа, аав ээждээ хэлж, дэмжлэг авна.   

Энэ зун хийж амжуулна гэж бодож байгаа. Би өдөр болгон зураг зураад групптээ байнга тавьдаг. Энүүгээрээ бусад хүмүүст бага ч гэсэн нөлөөлж байгаа байх гэж бодож байна. Хог хаяхгүй байх, байгаль эхээ хайрлах, коронавирусний үед яахав гээд л олон сэдвээр зурж, хүмүүст хүргэхийг хичээж байна. 

-Өөрийнхөө үзэл бодол, хүсэл мөрөөдлийг илэрхийлж, бусдад нөлөөлдөг хүүхдүүд тийм ч олон байдаггүй. Тэгэхээр найз нөхөд, хүүхэд байгачуудад хандаж юу хэлмээр байна вэ?

-Үеийнхээ хүүхдүүдийг уриалж “Өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаарай, тэгэх юм бол хэн ч чамайг үгүйсгэж чадахгүй, чи өөрөө хүсээд, мөрөөдөөд, түүнийхээ төлөө тууштай байх юм бол бусад хүмүүс чамаас үлгэр дууриал аваад, чамайг дэмжинэ” гэж хэлмээр байна.

Би өмнө нь өөрөө урдах ажлаа хэнээр ч хэлүүлэлгүй хийчихдэг, хэнээс ч туслалцаа авахгүй яваад байдаг байсан. Энэ үед зөвхөн өмнөхөө л хийдэг байж, харин одоо бол ээж, аавынхаа, багшийнхаа туслалцааг авдаг болсон. Тэгэхээр миний хийж байгаа зүйл арай илүү цар хүрээтэй болж байна гэсэн үг.

Тийм болохоор хүүхдүүд хүсэл мөрөөдөлтэй байж, түүнийгээ бусдад ойлгуулж, бусдын дэм тусыг авч, бүгд хамтраад сайн сайхан зүйлийг хийж болох юм байна.

Би өмнө нь өөрийнхөө чадал, чадвартаа суурилсан сайн дурын ажил хийж байгаагүй, Улаан загалмайд явдаг учраас хүн бүрийн хийдэг мод тарих, хог түүх, зарим хүмүүсийн ар гэрт туслах, ус авч өгөх гэх мэт ажлуудыг бусдын заавраар хийдэг байсан. Санаачилга нь минийх байгаагүй.

Харин өөрийнхөө чадварт итгээд, өөрөө санаачлаад ямар нэг сайхан үйлс хийвэл тэр нь хүмүүст илүү хүрдэг, бас өөрөө түүнээсээ илүү гоё мэдрэмж авдаг юм байна. Ухаарал авдаг юм байна.

Тэгээд хийгээд байхаараа өөр зүйлийг сэдэж, хийх санаа их төрдөг. Би яг одоо бол хуванцар савыг ашиглаад хогийн сав хийж байгаа. Өөрт хуванцар сав дутаад байсан болохоор өглөө гүйхдээ ийм сав цуглуулсан. Тэгсэн чинь манай аймагт ийм хаягдал хуванцар сав бүр аймаар их байдаг юм байна лээ. Ямар нэг бүтээл хийчихээд түүнийгээ харахад их сайхан байдаг.  Хүн ер нь өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө тэмцдэг байх ёстой гэж боддог. Зүгээр л нэг англи хэл сурья гэхээсээ илүү түүнийгээ сурахын төлөө бүр том мөрөөдөлтэй байх ёстой юм байна гэдгийг ойлгож, мэдэрсэн.

“Чи нөлөөллийн ажил хийсэн байх ёстой, чи мөрөөдөлтэй, бүр маш том мөрөөдөлтэй байх ёстой, тэрнийхээ төлөө ядаж нэг алхам хийсэн байх ёстой” гэсэн энэ үгэнд би их дуртай, байнга сонсдог, тиймээс үе тэнгийн найзууддаа ч гэсэн энэ л үгийг хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ