15 сумын Мал эмнэлгийн тасгуудын ажиллах нөхцөлийг сайжруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-05-26 12:14:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ, МЭЕГ-аас Дундговь аймгийн 15 сумын Мал эмнэлгийн тасгуудад мотоцикл, ажлын өрөөний иж бүрэн тавилга, тоног төхөөрөмж өгснийг тавдугаар сарын 27-нд хүлээлгэн өглөө.

Энэхүү үйл ажиллагаа нь байгуулагдаад удаагүй байгаа Мал эмнэлгийн тасгуудыг бэхжүүлэх, ажиллах боломж, нөхцөлийг сайжруулах зорилготой бөгөөд мотоциклын хувьд ган төмөр рамтай, хигээс бүхий төмөр обуд, салхины шил, иж бүрэн хамгаалалт /малгай, арьсан болон нэхий бээлий/, дохиолол болон байршил тогтоох төхөөрөмж зэргийг суурилуулж, тусгай захиалгаар хийлгэснээрээ онцлогтой ажээ.

Энэ үеэр мөн аймгийн Мал эмнэлгийн газарт 2019 оны ЛАДА маркийн автомашиныг гардуулсан байна.

Дундговь аймгийн Мал эмнэлгийн газар  2018 оны 10 сарын 18-нд байгуулагдаж, 48 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллах ёстой хэдий ч одоогоор 34 албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн Мал амьтны эрүүл мэндийн алба, захиргаа санхүүгийн алба, Мал эмнэлгийн лаборатори, 15 сумын мал эмнэлгийн тасаг, нэгж гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Сайнцагаан, Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Өлзийт, Цагаандэлгэр суманд мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч, 15 суманд мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч ажилладаг ажээ.  

Холбоотой мэдээ