Бизнес эрхлэгчдийн орлого 45 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-28 17:37:42

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд одоогоор 19 ААНБ-ын үйл ажиллагаа 50-70 хувиар буурч, зарим нь 100 хувь ажлаа зогсоогоод байна. Мөн нийт 260 гаруй түрээслэгч байгаагаас 27 түрээслэгч бараагаа татаж, лангуугаа хүлээлгэн өгсөн байна. Бизнес эрхлэгчдийн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45 хүртэлх хувиар буурчээ.

Ийнхүү коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч буй зарим арга хэмжээ нь бизнес эрхлэгчдийг хүнд байдалд оруулж байна гэдгийг Сүхбаатар аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн салбар танхимаас мэдэгдээд дээрх байгууллагуудад аймаг орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэх хүсэлтийг хүргүүллээ. Тодруулбал, үйл ажиллагаа нь бүрэн зогссон болон тодорхой хэмжээгээр буурсан ААНБ-уудын нийт 3,1 тэрбум төгрөгийн зээл байгаа бөгөөд тэд банкны зээлээс гадна халаалт дулаан, цахилгааны гээд урсгал зардлуудыг тогтмол төлж байгаа. Тиймээс энэхүү үйл ажиллагааны зардалд хэмнэлт үзүүлэхийг хүссэн юм.

Харин аймгийн удирдлагууд энэхүү асуудлыг холбогдох газруудтай хэлэлцэн, шийдвэрлэх боломжтой эсэхийг судлахаар болов. 

Холбоотой мэдээ