Аймгийн Онцгой комиссын хурлаар цаг үеийн асуудлыг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-04-23 13:03:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссын 11 дүгээр хурал энэ сарын 22-нд хуралдаж, цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. 
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 15-наас бүх сургууль, цэцэрлэг, спорт заал, соёлын төв болон аймгийн төвийн цэнгэлдэх хүрээлэнгийн халаалтын үйл ажиллагааг бүрэн зогсоох тухай мэдэгдлийг аймгийн ЗДТГ-аас дулаан хангамжийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлж, одоогоор дээрх байгууллагуудын халаалтыг зогсоогоод байгаа.
Харин дулаан хангамжийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд гомдол гаргасан тул аймгийн Онцгой комиссын хурлаар энэхүү асуудлыг хэлэлцэж, Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх нь зөв гэж үзлээ.
Мөн аймгийн МХГ-аас "Covid-19" болон бусад халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд золбин нохой, муур устгах тухай зөвлөмж ирүүлсэн бөгөөд Онцгой комиссын хурлаар асуудлыг хэлэлцэж, золбин муур, нохой устгахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхээр болсон байна.
Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон, муу усны нүхэнд ариутгал, халдваргүйтгэл хийх шийдвэр гаргаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгчээ.

Холбоотой мэдээ