Харви Вайнштейнд 23 жилийн хорих ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-12 08:41:32

НЬЮ-ЙОРК. /TASS/. Өнгөрсөн лхагва гарагт Нью-Йорк хотын шүүх Америкийн нэрт продюсер Харви Вайнштейнийг бэлгийн шинж чанартай хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгаж, түүнд 23 жилийн хорих ял оноожээ. Ял оногдуулснаас хойш хэдхэн цагийн дараа зүрх нь өвдсөний улмаас Вайнштейн эмнэлэгт хүргэгдсэн байна. 


Шүүхийн шийдвэр гарахын өмнө Вайнштейн гүнээ гэмшиж байгаагаа илэрхийлжээ. Өөрийг нь хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгасан Мириам Хейли, Жессика Манн нартай дотно нөхөрлөдөг байснаа Вайнштейн мөн мэдэгдсэн байна.


Хейли шүүх хурлын үеэр Вайнштейний үйлдлээс болж “сэтгэлийн гүн шарх авсан”, “нэр төрөө алдсан” гэж мэдэгдсэн бол Манн "энэ хэрэг болсноос хойш сэтгэлийн шаналалд автсан" гэжээ.


Долоон эрэгтэй, таван эмэгтэй бүрэлдэхүүнтэй Тангарагтны шүүгчид Вайнштейнийг Хейли, Манн нарын эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт гэм буруутайг нь 2 дугаар сарын сүүлчээр тогтоожээ.


Продюсертой өмнө нь хамт ажилладаг байсан Хейли, Манн нарын мэдүүлэгт үндэслэн Вайнштейныг буруутгасан байна. Шүүх хуралд өөр эмэгтэйчүүд оролцож, Вайнштейнийг хүчирхийлэл үйлдсэн хэмээн мэдэгдсэн хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа дууссаны улмаас тэдний мэдүүлгийг хэргийн үндсэн материалуулад оруулаагүй байна.


2017 оны 10 дугаар сард “The New York Times” сонинд Вайнштейнийг олон эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгасан материал нийтлэгдсэн байна. Уг хэвлэлд бичсэнээр, продюсер 30 жилийн турш залуу жүжигчид болон компанийнхаа ажилтнуудтай дотно харилцаанд орж, үүнийх нь төлөө карьерыг нь ахиулна гэж амлаж байжээ. Үүнээс хойш Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, Салма Хайек зэрэг 80 гаруй эмэгтэй жүжигчин Вайнштейний хүчирхийлэлд өртөж байснаа мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ