О.Сэргэлэн дэлхийн эрүүл мэндийн салбарын 101 манлайлагчийн нэг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-19 14:04:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн World Health & Welness холбооноос зохион байгуулдаг 11 салбарын 101 манлайлагчийг шалгаруулах номинацид эрүүл мэндийн салбарын шилдгээр шалгарсан байна.

УНТЭ-ийн хамт олон удирдлагууд 136 орны шилдгүүдээс шалгарсан О.Сэргэлэнг хүлээн авч, хүндэтгэл илэрхийллээ.

АШУ-ны доктор, профессор, Монгол Улсын Хүний гавьяат эмч О.Сэргэлэн:

2007 онд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслын төслийг ШУТС-гийн санхүүжилтээр эхлүүлж 26 гахайд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд элэг шилжүүлэн суулгах багийг анхлан зохион байгyулж, багийн ахлагчаар ажиллажээ. 2009 онд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамж бичиж 2010 онд ЭМСЯ-аар батлуулан 2010 онд БНСУ-ын АСАН Анагаах Ухааны Төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. 2011 онд Монголд анхны элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын АСАН Анагаах ухааны төвийн эмч нартай хамтран гүйцэтгэсэн.
Монгол Улс дэлхийд элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орноор бүртгэгдсэн.
2014 онд анх удаа хоёр хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан.
2015 онд нэг хүнд цогцосны донороос элэг шилжүүлэн суулгасан.
2020 оны 2 дугаар сарыг хүртэл нийт 94 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслын багт ажилласан.
Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2018 оны статистик үзүүлэлтээр нийт хүн амын тохиолдлоор амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал нь дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгджээ.

 

Холбоотой мэдээ