БНХАУ-ын дарга Мьянмарт айлчиллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2020-01-20 15:59:17
twitter.com/Nyamkanmk

НЕЙПИДО. /Chinadaily/. БНХАУ-ын дарга Си Жиньпиний Мьянмарт хийсэн төрийн айлчлалын үеэр талууд улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт, иргэд хоорондын харилцаа холбоо зэрэг салбарыг хамарсан хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.


Баримт бичигт гарын үсэг зурах ёслолд БНХАУ-ын дарга Си Жиньпин болон Мьянмарын Төрийн зөвлөх Аун Сан Су Чи нар оролцсон байна. Уг үйл явдлын дараа талууд хамтарсан мэдэгдэл гаргажээ.


Арга хэмжээний үеэр Аун Сан Су Чи үг хэлэхдээ, БНХАУ-Мьянмарын эдийн засгийн коридор байгуулах, хөгжлийн стратегийг холбох үйл явцыг эрчимжүүлэх хэрэгтэйг дурджээ.


Харин БНХАУ-ын дарга Си Жиньпин БНХАУ-Мьянмарын эдийн засгийн коридор нь Бүс ба зам санаачилга дахь хоёр улсын хамтын ажиллагааны  тэргүүлэх төсөл гэдгийг онцлон дурдаад, төслийг талууд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд иргэдэд үр өгөөжөө удахгүй өгнө гэж мэдэгдэв.


Мөн тэрбээр, “БНХАУ руу хийж буй Мьянмарын экспортын хэмжээ нэмэгдэж байгаад бид баяртай байгаа. Мөн Мьянмар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг Хятадын компаниудад уриалж байна” гэж хэлжээ.


Холбоотой мэдээ