“Qantas”-хамгийн аюулгүй агаарын тээврийн компани

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-01-03 12:41:11

МОСКВА. /RIA Novosti/. Австралийн агаарын тээврийн “Qantas” компани дэлхийн хамгийн аюулгүй агаарын тээврийн компаниар нэрлэгдсэн бол Шинэ Зеландын “Air New Zealand”, Тайванийн “EVA Air” компани хоёр, гуравдугаарт тус тус орлоо гэж уг жагсаалтыг гаргасан “AirlineRatings.com” цахим хуудсын мэдээлэлд дурджээ.


Хамгийн аюулгүй агаарын тээврийн компаниудын жагсаалтыг гаргахдаа нисэх онгоцны ашиглалтын хугацаа, онгоцны осол болон ноцтой ослын тоо, нисэхийн удирдах газрын хяналт шалгалт, ашиг орлогын байдал зэрэг хэд хэдэн шалгуураар үнэлж дүгнэсэн байна.


Жагсаалтыг гаргагчдын онцолсноор, “Qantas” компани навигацын хиймэл дагуулын системийн тусламжтайгаар автоматоор буух болон уулархаг бүсэд нислэгийн удирдлагыг тохируулах системийг ашиглах нисэх багийн гишүүдийн гүйцэтгэлийн үзүүлэлтээр тэргүүлсэн байна. Үүнээс гадна, тус компани агаарын хөлөг ноцтой асуудалд орохоос өмнө эвдрэл гэмтлийг олж илрүүлэхийн тулд хөдөлгүүрийн хяналтын системийг нислэгийн үед хэрэглэдэг ажээ.


Хамгийн аюулгүй агаарын тээврийн компаниудын жагсаалтын эхний хорьд “Qantas” -аас гадна, “Air New Zealand”, “EVA Air”, “Etihad”, “Qatar Airways”, “Singapore Airlines”, “Emirates, Alaska Airlines”, “Cathay Pacific Airways”, “Virgin Australia”, “Hawaiian Airlines”, “Virgin Atlantic Airlines”, “TAP Portugal”, “SAS”, “Royal Jordanian”, “Swiss”, “Finnair”, “Lufthansa”, “Aer Lingus” болон “KLM” компани орсон байна.


Холбоотой мэдээ