К.Гон сэтгүүлчидтэй уулзахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-01-02 13:05:35

БЕЙРУТ. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гон энэ сарын 8-нд сэтгүүлчидтэй уулзахаар төлөвлөж байна. Тэрбээр энэ долоо хоногийн эхээр Японоос Ливан руу нууцаар зугтсан юм.


К.Гон барьцаагаар суллагдсан хугацаандаа хилийн шалган өнгөрүүлэх алба болон бусад албаны төлөөлөгчдөд мэдэгдэхгүйгээр Японы хилийг давснаа хэрхэн тайлбарлах нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.


Ливанд ирсэн талаараа К.Гон энэ долоо хоногийн даваа гарагт мэдэгдээд, “Японы будлиантай хууль зүйн системд барьцаалагдаад байж чадахгүй” хэмээн хэлжээ. Мөн тэрбээр ирэх долоо хоногоос эхлэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхөд бэлэн гэж нэмж хэлжээ.


Reuters” болон бусад мэдээллийн агентлаг К.Гоны өмгөөлөгчийн хэлснийг иш татан уламжилж буйгаар, К.Гон Ливаны нийслэл Бейрут хотод хэвлэлийн бага хурал хийх төлөвтэй байгаа ажээ.


"К.Гон Японоос маш нарийн төлөвлөгөөний дагуу гарсан бөгөөд үүнд түүний эхнэр Кароле голлох үүрэг гүйцэтгэсэн. Мөн уг төлөвлөгөөнд хувийн компани оролцсон байж магадгүй" хэмээн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.


Японы прокурорууд болон цагдаагийн ажилтнууд К.Гоныг хэрхэн Японы хилийг давсныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. 

Холбоотой мэдээ