Байнгын хороо зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-17 14:37:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын гурав дахь удаагийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.


Монгол, Австри Улсын Засгийн газрын гурав дахь удаагийн 40 сая еврогийн зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж, эрүүл ахуй, бохир ус, хог хаягдал, төмөр замын болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, иргэний хамгаалал, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зарцуулахаар төлөвлөж буйг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Уг зээлийн жилийн хүү 0, эргэн төлөх хугацаа 26.5 жил байх юм.  Хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн 75 хувь дэмжлээ.


Мөн хуралдаанаар Монгол, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банкны зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.


БНЭУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг хэрэгжүүлж буй юм. Төслийн ТЭЗҮ-ийг Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитед” компани боловсруулсан бөгөөд хөрөнгө оруулалтын зардлыг нэг тэрбум 236 сая ам.доллар байхаар тооцжээ. Энэ хүрээнд Энэтхэгийн Засгийн газар 236 сая ам.долларын зээл нэмж олгох болсон юм. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганд танилцуулахаар тогтов.


Дээрх хуулийн төслүүдийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ