Хийн хоолойг дамжуулах чиглэл төмөр замын дагуу байхаар тохиролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-12-10 09:24:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн чиглэл нь урьдчилсан байдлаар төмөр замын дагуу байхаар тохиролцлоо.

Байгалийн хий дамжуулах талаар ОХУ, Монгол Улсын Ажлын багийн анхдугаар хуралдаан Москва хотноо боллоо.

Анхдугаар хуралдааныг Монгол Улсын Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нараар ахаллаа. Хоёр талын Ажлын хэсгийн анхны уулзалтаар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн техникийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд харилцан мэдээлэл солилцох, төслийн эдийн засгийн үр өгөөжийг тооцох судалгааг эхлүүлэх, дараагийн хуралдааныг Гурван улсын ажлын баг төслийг хамтран хэлэлцэх талаар ярилцлаа.


Байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн чиглэл нь урьдчилсан байдлаар төмөр замын дагуу байхаар тохиролцлоо. Маршрутын хувьд урьдчилан харж, тооцож болохооргүй газрууд байж болох ч тухай бүр нь Ажлын баг хэлэлцэн шийднэ. Эхний ээлжинд техникийн шийдэл гаргахад шаардлагатай мэдээллүүдийн жагсаалтыг ОХУ-ын ЭХЯ-наас Монголын талд энэ оны 12 дугаар сарын сүүлээр ирүүлэхээр болов.


Хуралдаанд Монголын талаас ЭХЯ, УУХҮЯ, ГХЯ, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүрэлдэхүүн ажилласан бол ОХУ-аас Эрчим хүчний яам, “Газпром”, “Газпром Экспорт” компаниудын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцов.

 

Холбоотой мэдээ