ҮЛ БҮДГЭРЭХ ЦЭГ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-06-27 19:39:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


Аялал гэдэг утгагүй зүйл. Хүн төрж өссөн газраасаа амьдралын утга учрыг олж авдаг, түүнийхээ хариуд нэгэн насныхаа амьдралыг эх нутагтаа зориулж байж утга учирт амьдрал тэр болдог. Гэтэл аялал гэдэг чамайг язгуур хөрснөөс чинь суга татаж ямар ч хамаагүй, хийсгэлэн мөрөөдлийн орон руу цөлж орхино. Гэвчиг жинхэнэ мөрөөдлийн орон гэдэг төрсөн нутгаас чинь өөр хаана ч үгүйг чи аяны уртад улдаж явахдаа ухаарна бус уу. Ингээд бодохоор аялал гэдэг эртнээсээ л шал дэмий зүйл билээ.


Дээрх өгүүлбэрийг үгийн урлагийн мастер, өнөө цагийн хамгийн дуулиантай зохиолчдын нэг, түүхч Салман Рушди бичжээ. Үнэн нь гэвэл энэ. Ялангуяа зуны хамгийн дүйнгэ, халуу шатсан өдрүүдээр ой модод бүрхсэн хангай нутгийг зорино гэдэг бэрх санагддаг. Хүн болгонд өөр тайлбар байдаг учир би ч мөн “яагаад” гэдэгт хариулалгүй үлдээе.


Харин энэ зуны эхний сар гарав уу үгүй юу Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдорж найрагчийн “Онон хатан ижий” наадамд шалгарч хоёрын даваанд өрсөлдөх болсон тул Улаанбаатар, Дархан, Увс, Дорноговь, Хөвсгөл гээд аймаг бүрээс шалгарсан 20 гаруй найрагчдын хамт Хэнтий аймгийн Батширээт сумыг зорин хөдлөхөөр болов.


Мэдээж бид яруу найргийн тэмцээнд оролцох гэж явна. Гэвч яруу найргаар хоорондоо уралддаггүй гэдгийг их найрагч Б.Явуухулан хэлж байсан билээ. Үнэ цэнийг бий болгохын тулд л аливаа тэмцээн уралдаан салбар бүрт явагддаг. Харин яруу найрагтай холбогдож байвал энэ нь уншигч зохиолчдын уулзаж танилцах арга хэмжээ л болж хувирна. Тиймээс бид их найрагчийн нутгийг үзэх, модод шүргэсэн тэнгэрийг, тэнгэрээ багтаасан гол мөрөн, нуур цөөрөм, төрсөн тоонот болох Батширээт, унасан газар Бүрхийн төгөлд нь зочлохоор аялалд л гарч буй хэрэг. Аялал гэдэг утгагүй зүйл. Гэвч хамгийн утга учиртай аялал энэ байж болох юм шүү.


УГТАХ ИНЭЭМСЭГЛЭЛ




Хэнтий аймгийн зүүн хойд цэг болох Батширээт суманд нар шингэхийн үест хүрч очив. Өмнө минь байсан 400 гаруй км замыг их л амархан барчих шиг санагдана. Урд энэ нутагт ирэхэд шөнө болж байдагсан. Харин одоо өдөржин тэнгэрт бэлчсэн нар уулсын хэвнэг шиг сүрлэг моддынхоо цаагуур орж амрахаар дөхөж явлаа. Бид Бархын голын гүүрэн дээр амсхийхээр автобуснаас бууцгаав. Тэнгэрийн хаяа хар хөх өнгөөр тунарч, өдөржин наранд хүлхүүлсэн голын ус бүв бүлээн ажээ. Тэртээд хэдэн жаахан хүүхдүүд ус туучин гүйлдэнэ. Хүн бүхэнд л байдаг мөрөөдлийн үзүүр нь голын бүлээн усанд өнгө орон зүлгүүлдэг болов уу гэмээр...


Бархын гол дээр жижиг модон гүүр барих
  14888,0 мян төгрөгийн ажлыг Үвгэн баавай ХХК  хийж гүйцэтгэсэн бөгөөд 5 тн-с доош жинтэй машин тээврийн хэрэгсэл нэвтрэн өнгөрөх энэ гүүр нь иргэдийн зорчих гол чиглэлд баригдсан байна. Модон гүүр харахуйд өөрийн эрхгүй л яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсны дурсамж санаанд буудаг юм. Түүний нэрлэсэн “Яруу найргийн модон гүүр” Батширээт сумын урд хормойг эмжээрлэн урсах Эгийн гол дээгүүр сунайн тогтсон бий. Дааж чадашгүй бүхнийг дааж гаргасан энэ гүүр л бүхнийг мэдэх шиг санагдана. Хэдэн мал голын наад цаад тал руу тууварлагдсан, өнөөдөр л гэхэд хэчнээн хүн, машин үүгээр түүгээр орж гарсныг алаг эрээн модон гүүрнээс илүүтэй хуучлах зүйл нэгээхэн ч үгүй билээ. Чухам л тиймдээ ч голын нам гүмхэн урсгал шиг чимээгүйхэн оршиж, амьд оршихуй бүхнийг ажиглаж он удсан шиг санагдана.


Хөврүүлсэн бодлын үзүүрээс нэг нь татах шиг гэнэт л “Ако ахаа явъя” гэх дуун хадав. Ингээд л бодлын утсыг эвхэж аваад унаандаа суун Батширээт сумын зүг хөдлөв өө. Хэзээд л нутгийн түмэн нь “Бархын голын гүүр” хэмээн нэрлэж ирсэн үл бүдгэрэх тэр л цэг дээгүүр нар урган өндийх маргаашийн тухай бодолд автан суудалдаа тухлав. Модод үнэртэж, шувууд жиргэж, гол ус цэнхэртэнэ. Батширээт хэмээх уртаашаа сунан тогтсон сумын өнгө өнгийн дээвэртэй дүнзэн байшингууд нь инээмсэглэж байх шиг... Хэзээд л энэ сум ирсэн зочдоо инээмсэглэж угтдаг заншилтай хойно доо.


НАР УРГАХ ЦАГААР




Тал газрын хүү надад цавчим өндөр уулс, сүглэгэр ногоон модод их л соньхон харагддаг байв. Одоо бол тийм биш. Учир нь ийм байгаль, байгалийн урласан энэ л өнгөнд хэдийн дасчихжээ. Тиймээс л биднийг угтан авч Н.Нямдорж найрагчийн нэрэмжит сургуулийн гал тогоонд оройн зоог барьсны хойно Эгийн голын эрэг дээр унтахаар хэсэг нөхдийн хамт шийдсэн юм. Харин эцэст нь гурвуул үлдлээ. Залуу яруу найрагч Г.Барсболд, А.Азсайхан нарын хамт голын цаана хэрхэн гарах, майхан хаанаас олох талаар хэлэлцэв. Эцэст нь Д.Гансүрэн ахаас майхан авч, арын хангайн хүдэр баавай Баахалдай ахын машинд сууж гол гатлахаар болов. Мөн унших шүлэг, дүүрэн цэнэгтэй утас, ам чийглэх хэдэн шил шар айраг, хиам, талх, гүйцээ.


Эгийн гол нь монгол орны хамгийн гүн цэнгэг Хөвсгөл нуураас эх аван урсдаг.
Эгийн голын урт нь 475 км, ус хураах савын талбай 40454 хавтгай дөрвөлжин км бөгөөд усны унал нийт уртад 815 м буюу км тутамд 2 м орчим болно. Дундаж хэвгий нь 0,0017%. Эгийн гол ой хөвч бүхий бэсрэг уулс дундуур урсдаг ба 2 талын уулс зарим газарт 100-150 м хүртэл ойртож эгц өндөр хадан хясаатай хавцал үүсгэх тул голын хөндийн төрх байдал маш үзэсгэлэнтэй байдаг. Тэр л үзэсгэлийн нэгээхэн цэг дээр бид майхнаа босгож байв. Харанхуй хэдийн нөмөрсөн боловч агаар дулаахан бөгөөд чийглэг.


Шөнөөр усанд туссан моддын сүүдэр харлан үзэгдэх боловч ямар нэгэн айдас огт төрүүлнэ. Учир нь голын тусгал дахь моддын сүүдэр тун чиг үзэсгэлэнтэй харагдах бөгөөд тэрүүхэн орон зайд биднийг хүрээлэх орчны байдалд нууц гэж байсангүй, бүх зүйл алган дээр тавьсан шиг илхэн байлаа. Харанхуй гэгч үнэндээ гэрэл байдаг тухай хаа нэг газраас уншиж байсан шиг санагдана. Голын урсгалтай эгшиг зохицоох зүйлс бидэнд шүлэг л байв.


Моддын үзүүрт өлгөгдөхөөс айсан шиг нар их л хурдан ургалаа. Эх орны минь өнцөг булан бүрт хүмүүс сэрж, адуу малдаа явж, тариан талбай руу шуудай үүрэн алхаж, суурин иргэншлийнхэн ажлын зүг яаравчилж байгаа болов уу. Харин бидэнд яарах зүйл байсангүй. Ямар нэгэн зүйлд санаа үл зовон өглөөн нарыг угтана гэдэг жинхэнэ амар амгалан аж. Голын эрэгт унтсан учир хувцас чийгтэж хүндэрчээ. Гэвч нар голлохын үед дахин ийм мэдрэмжийг хүснэ гэдгээ мэдэж байсан учир бид гурав хоорондоо энэ тухай ярьсангүй. Голын уснаас хутган авч гар нүүрээ угаасан хойно майхнаа эвхээд буцлаа.


Өмнө нь энэ нутаг аав, ээжийгээ дагаж наадамлахаар хэд хэдэн удаа ирж байж билээ. Нар нь урьдын л янзаараа ургаж байвч энэ нутагт надтай хамт аав минь дахин ирэхгүйд жаахан гунигласхийв.

 

ОНОН ХАТАН ИЖИЙ




“Цалгих долгио таслаагүй өргөн Ононы урсгал”. Төрийн соёрхолт Н.Нямдорж найрагч ийн шүлэглэж байв. Жамын буулганд хүмүүн сульдаж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч цагийн уртад шүлэг нь мөнх үлдэж цалгих долгио үл таслан Онон ижий урсаж байна.


Батширээт сумын Соёлын төвийн клубын хүрэн улаан байшинд “Онон хатан 2019” наадам 2 цагт эхэллээ. Гаднаас нь ажвал ганц давхар мэт уг байшин дотроо хоёр давхар. Учир нь доош хөндийлөн ухаж барьсан байх бөгөөд бүжгийн талбай нь наадмын үеэр үзэгчдийн суудал болж хувирна.


Энэ жил тус наадамд 45 яруу найрагч бүтээлээ ирүүлснээс МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Д.Цэнджав, “Яруу найргийн үндсэний төв”-ийн тэргүүнтэй хамтран эхний шатны шалгаруулалтыг хийж 20 найрагчид хоёрын даваанд оролцох эрх олгожээ. Мөнхүү Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг тус бүрээс 3, ИЗОУИС-ийн “Онон хатан ижий” оюутны яруу найргийн наадамд түрүүлсэн найрагч Тө.Бямбасүрэн нар урилгаар оролцов. Ийнхүү хоёр дахь шатны шалгаруулалтанд 28 найрагч шүлгээ уншжээ.


1990 онд анх зохион байгуулагдсанаасаа хойш долоо дахь жилдээ болж тус наадмын тэргүүн байрт Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Т.Баянсан тодорч “Онон Хатан ижий” өргөмжит найрагчаар тодров. Дэд байрт Б.Алтанхуяг, гутгаар байрт яруу найрагч Д.Цогбадрах, тусгай байруудад яруу найрагч О.Элбэгтөгс, А.Азсайхан нар шалгарав. Мөн Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Өд” сангийн нэрэмжит шагналаар яруу найрагч Г.Барсболдыг шагнасан юм.


"Онон хатан ижий" наадмын хамгийн хүндтэй шагнал нь Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит шагнал. Энэхүү хүндтэй шагналын эзнээр Н.Нямдорж найрагчийн уран бүтээл, амьдралын анд нөхөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ломбын Нямааг өргөмжлөн алдаршуулснаа энэ үеэр гардуулан өгсөн байна. Уг нэрэмжит шагналыг Нямбуугийн Нямдорж найрагчийн гэр бүл, үр хүүхдүүд, "Нямбуугийн Нямдорж" сангаас таван жил тутамд олгож байхаар шийдвэрлэжээ. 

 

ҮЛ АРИЛАХ НЭР




Цаг хугацаа хэчнээн яаруу болохыг Батширээтэд өнгөрүүлсэн өдрүүдэд мэдэж билээ.  Өглөө нь ажилдаа явж, орой нь нэг их ядарсан хүн гэрийнхээ хаалгыг татан ордог нэгэн хэвийн аж төрөхүйд л цаг хугацаа нэгэн хэмээр урсч, урагш огтхон ч хөдлөөгүй мэт санагддаг. Харин энд бүхий л зүйлс нэг л төрхөндөө царцчисан мэт амгалан төрхтэй боловч өөрсдийн гэсэн “хөдөлгөөн” дотор оршино. Бид ч мөн энэ нутаг дахь тэр л хөдөлгөөний нэг болон хувирч өөрсдийнхөө амар амгалан бүтээж байлаа.


Яруу найргийн наадам дууссаны хойно ОХУ-ын Эрхүү хотод анх уулзаж танилцсан Д.Доржмаа эгчийнд очихоор боллоо. Наадмын үеэр таарч мэнд мэдэхэд “Манай заавал зочлоорой” гээд утасны дугаараа тэмдэглэж өгсөн юм.  Ингээд Доржмаа эгчийн дүү болох Жаргалмаагаар зам заалган “Залуу нас” дугуйлангийн дүү нарын хамт Батширээтийн гудмаар очих айлаа зорин алхав. Жаргалмаа “Манай нутгийнхан ёстой хөөрхөн байгаа биз” гээд л инээмсэглэнэ. Хүн бүрийн зочломтгой зангийн цаана басхүү яруу найрагт дуртай сэтгэл байдаг нь надад хачин их таалагдсан.


Д.Доржмаа эгчийн нөхрийг Б.Сүхбат гэдэг. Тийм учир одооноос Сүхбатынх гэж ярих нь зөв болов уу. Тэднийд очихын тулд Эгийн голыг гатлах ёстой болно. Нарийнхан банз эгнүүлэн хийсэн, хоёр хүн л зэрэгцэж гарахад болмоор урт модон гүүрээр гарахад л Сүхбат ахын хашаа байшин угтана. Хэдэн жилийн тус модон гүүрээр А.Эрдэнэ-Очир найрагч хэдэн нөхдийн хамт гарч явахад нь Сүхбат ах, Доржмаа эгч нар гэртээ урьж цайлж, шүлэг найргийг нь сонсч байжээ. Нутгийн хоёрын найрагт хайртай сэтгэл, зочломтгой занд нь уясахдаа яруу найрагч А.Эрдэнэ-Очир агсан өөрийг нь тэр л хүмүүсийн сайхан сэтгэл рүү хүргэж мөнөөх модон гүүрийг “Яруу найргийн гүүр” гэж нэрлэжээ. Сүхбат ах, Доржмаа эгч нар ч үүнийг ихэд бэлэгшээн хүлээж авсан бөгөөд “Энэ нөгөө яруу найргийн гүүр маань шүү дээ” гэж үргэлжид дурсан ярина.




Гүүрэн доор нэг саарал зүсмийн адуу уяатай байна. Нар жаргасан боловч цагаан гэгээ татраагүй бөгөөд тэнгэрийн гүн цэнхэр хөх өнгө голын уснаа бууж, модон гүүр, доор нь уяатай байгаа морьд нийлээд уран зураг шиг л үзэгдэнэ. Тэнгэр, мөн усанд тусах тэнгэр гээд л гүүрээр гарч явахад агаар дээгүүр сунан тогтсон цаг хугацааны мөнгөлөг жимээр алхаж явах шиг л мэдрэгдэнэ. Дүнзэн байшиндаа гал түлж, хоол бэлдсэн, буриад талх, зөөхийгөө ширээ дүүрэн өрсөн Сүхбат ах, Доржмаа эгч хоёр хүлээж буй учир гүүрэн дээр хэдхэн зураг даруулчихаад удсан ч үгүй хашааг нь зорин алхлаа.


Доржмаа эгч үнээгээ сааж, Сүхбат ах зөөхийгөө машиндаж, ач нар нь голын эргээр хөл нүцгэн гүйж, ааруул хурууд мэрнэ. Миний өдөр бүр харж, одоо бол үргэлж дурсан санадаг бага насны дүр зураг энд буй. Хүрэн дүнзэн байшингийн зууханд гал өрдөж хоол хийнэ. Ширээн дээрх буриад талх халуунаараа байх бөгөөд нутгийн цагаан идээгээр дүүрэн. Бид шүлэг найраг ярилцаж, хүн тус бүр нэг шүлэг уншив. Мөн гэрийн эздэд номоо дурсаж дахин зочлон ирэхийн амлалт өгч, хотод очвол холбоо бариарай гэсэн захиас үлдээгээд гарав.


Гадаа харанхуй болжээ. Утасныхаа гэрлийг асааж өнөөх гүүрээ олов. Доржмаа эгч, ач нь болох Уучка хоёр биднийг гүүр хүртэл гаргаж өглөө. “Заавал эргэж ирээрэй” гэсэн чин сэтгэлийн үгээ дахин нэг хэлж байна. Би харанхуйгаас гүүрийг тэмтчин олоод төсөөлөлдөө ургуулав. Тэдэнд яг одоо нутгийн буриад талх, зөөхий, Батширээтийн цагаан адуу, Тоонот толгой нь “брэнд” бус санагдана. Учир нь Сүхбат ах, Доржмаа эгч хоёрт энэ модон гүүр, үл арилах нэр нь л хамгаас үнэ цэнтэй билээ.

ШУВУУДЫН ТҮҮХ




Гурав дахь өдрийн өглөө бид Н.Нямдорж найрагчийн унасан газар болох Бүрхийн төгөлд ирэв. Энэ нь их уулс, ой хөвчийн дунд байх аварга том гэрийн буурь шиг тойрог, ойн цоорхой. Найрагчийн төрсөн гэрийн буурин дээр чулуун хөшөө босгож энгэр талд нь өөрийнх нь хөрөг үзэгдэнэ. Мөнхүү “Ураг садан өвгөдийн Омог алдарт өлгий Угаас надад тавилантай Онон Хатан ижий” хэмээх дөрвөн шадыг нь сийлжээ.


Бүрхийн төгөлийн хойхнуур байх өндөр моддын нэвтлэн уулын нурууд өөд хэдхэн алхаад хүрчихнэ. Тэнд булаг хоржигнон урсах бөгөөд цэвэр уулнаас буусан ус юм гэнэ. Яруу найрагч Б.Энхжаргал ах, Тө.Бямсүрэн нар уул өөд өгсөж явна. Би ч тэдэнтэй зам нийлэв. Тө бид хоёр уралдахаараа гүйж орой дээр нь гарчихаад амьсгаадаж суутал хэнтийн найрагч Л.Баавай, Б.Энхжаргал ах ер нь ядарсан шинжгүй тайвуухан алхсаар ирж явна. Нас нэлээд дээр гарсан тэд оргил өөд өгсөөд хүндхэн амьсгаадахгүй буйг нь ажвал үнэхээр Хэнтий нурууны хүүхдүүд юм даа гэмээр санагдана. Бид зураг татуулж, уухай хашгирч, оргилын салхинд илбүүлэн хэсэг суугаад буцах замдаа оров.


Л.Баавай тэгэхэд л “Энэ шувууд үргэлж өөрсдийнхөө түүхийг хүүрнэх шиг санагддаг” хэмээв. Хэрээ лав харсан үзсэнээ бие биедээ ярьдаг тухай монгол ардын үлгэрт их гардаг л юм. Шаазгай бас сураг чимээ дуулгадаг. Харин ойд төгөлд жиргэх энэ олон шувууд өөрсдийнхөө түүхийг ирсэн зочдод шулганан дамжуулдаг болов уу гэсэн бодол нэгээхэн ч төрж байсангүй. Үнэндээ бид бүгд л цаг хугаанд элээгдсэн дурсамжийн сайхан түүхүүдтэй. Сорви тээж хоцорсон бяцхан зүрхээ эдгээдэг төсөөллийн орон зайгаар дүүрэн хүмүүс. Тэгээд ч их найрагчийн төрсөн нутагт элдвийг бодмоглон алхахад юу эсийг тархи толгойндоо ургуулахав дээ.


Нүүдэлчид нүүсээр эхний цэг дээрээ ирэв. Наадмыг зохион байгуулалцсан хамт олон Бархын гүүрэн дээрээс дахин биднийг үдэж байна. Халуун шөл ууж, хорхог, буриад талх идэв. Болоогүй гол усанд сэлж, барилдаж, усан буугаар тоглож өөрсдийн бүтээсэн эрх чөлөөнд эзэн болцгоов. Гаднаа шувууны өд шиг хөнгөн ч гэсэн өөрсдийн гэсэн үзэл бодол нь чулуу шиг бат бөх тийм л хүмүүстэй явна. Хаашаан доторх сүүдрэвчинд нь шүлэг дуулалдан суухад “Халтар ширээн дээр суулгачихлаа” хэмээн санаа зовнин гүйж ирээд цэмцийтэл нь арчиж өгөөд чихрээр дайлсан худалдагч эгч, зураглаач, хөтөч хийсэн найрагч охин Жаргалмаа, халуун сэтгэлээр гэртээ угтан авсан Доржмаа эгч, Сүхбат ах нарт баярлалаа. Буцах зам хэзээд гунигтай байдаг ч нэхэн санахад учрал бүхэн гэгээн билээ.

 

Холбоотой мэдээ