Хот төлөвлөлтөөр Азид тэргүүлж байсан Улаанбаатар өнөөдөр ...

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-06-11 20:32:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил 380 настай Улаанбаатарын өнөөгийн хот төлөвлөлтийн асуудалд олон бэрхшээл тулгарч байгааг цаг алдалгүй засах, сайжруулах зайлшгүй шаардлага гарах болсныг дотоод, гадаадын мэргэжилтнүүд онцолж байна.


Цагтаа “Азийн цагаан дагина” хэмээн дуунд хүртэл алдаршиж байсан Улаанбаатар хотын ойр, хэтийн төлөвлөлт, хотжилт, дэлхийд өөр хаана ч байхгүй манай гэр хорооллын эргэн тойрныг хөндсөн цуврал ярилцлага, нийтлэлийг толилуулъя.


Одоогоос 25 шахам жилийн өмнө буюу 1996 онд Японы, архитектор, хот төлөвлөгч мэргэжилтнүүд манай оронд ирээд Монгол Улсын нийслэл Улаанбаатар шиг маш сайн төлөвлөлттэй хот Ази тивд байхгүй хэмээн олзуурхан ярьж байжээ. Учир нь Ази тивийн суурин соёл иргэншилтэй улс орнуудын хотууд олон зуун жил оршин тогтнож, өнөөдөр өөрчлөлт, шинэчлэлт хийх ямар ч боломжгүй байдаг аж.


Харин Улаанбаатар хотыг 1950-1960 болон 1970-1980-аад онд орос ах нар /хуучин ОХУ/ 300-500 мянган хүн оршин суух хот хэмээн хот төлөвлөлтийг бараг хоосон газар дээр нь нарийн тооцож, төлөвлөж, зургийг нь гаргасан юм. Иймд тухайн цаг үед буюу 1990-ээд онд Улаанбаатар хотыг жинхэнэ утгаар нь маш ухаалаг шийдэл гарган төлөвлөн, нэгдсэн бодлогоор хөгжүүлэх боломж нээлттэй байсан аж.


Харин ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 25 жилд Улаанбаатар хотод ямар ч бодлого, хот төлөвлөлтгүйгээр иргэдэд газар эзэмшүүлж, эмх замбраагүй барилгажилт явуулсаны хор уршгаар өнөөдөр хотын авто болон явган хүний зам, ус, дулаан, цахилгаан, холбоо мэдээлэл болон сантехникийн шугам сүлжээ, дэд бүтэц, ногоон байгууламжуудыг харилцан хамаарал, уялдаатай барьж байгуулах, шинэчлэн засч сайжруулах боломж нь жил ирэх тусам хумигдсаар л байгаа юм.


Өнөөдөр нэг сая хол давсан хүн амтай Улаанбаатарын хотын өргөжин тэлэлт нь ямар ч нэгдсэн төлөвлөлтгүй байгаагаас цаашид олон асуудал дагуулах хэмжээнд нэгэнт очоод байгааг энэ салбарын туршлагатай мэргэжилтнүүд халаглаж байна.


Улаанбаатарын гэр хорооллын өрхүүдийн дийлэнх нь дунд болон дундаас доош орлоготой өрх байдаг гэсэн судалгаа бий. Бага орлоготой өрхүүдийн ихэнх нь дулаан алдагдал ихтэй сууцанд амьдардаг бөгөөд сарын орлогынхоо тал илүү хувийг гэр, байшингаа халаахад зарцуулдаг. Нийслэл хотын утааны гол үйлдвэрлэгчид нь тэд гэж болно. Нэн тэргүүнд энэ иргэд, айл өрхүүдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн эрчим хүчний хэмнэлттэй байшин, орон сууцаар гэр хорооллыг шинэчлэн сайжруулах ажил маш их эрэлттэй байна. 


Уг асуудлыг амьдрал дээр шийдвэрлэж өөрийн байшингаа эрчим хүчний хэмнэлттэй технологиор барьж олон жил ая тухтай амьдарч байгаа иргэнтэй уулзаж халуун яриа өрнүүлсэн юм. Тэрбээр барилгын зургийн институт, Улсын барилгын хороо, Шинжлэх ухаан техникийн улсын хороо, Нийслэлийн хот төлөвлөлтийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудад ажиллаж, удирдах алба хашиж явсан арвин туршлагатай хүн юм.


Бид нийслэл хотынхоо хамгийн тулгамдсан асуудлаа шийдэж чадахгүй, олон арван жил алдаж, эрүүл мэндээрээ хохирч, байгаль орчноо бохирдуулж, асар олон тэрбум төгрөгийг үр дүнгүй зарцуулаад байгаа нь гашуун үнэн билээ. Монголчуудын эрэл сурал болоод байгаа уг асуудлыг бүрэн шийдвэрлэж чадах үндэсний мэргэжилтнийхээ ур чадварыг огт хайхрахгүй байдгийн тод жишээ энэ гэж болно.  


Социалист нийгмийн үед манай улсад архитектор хэмээх мэргэжил эзэмшсэн цөөн хэдхэн хүн байсан бөгөөд тэдний нэг энэ салбарт бүх насаа зориулж ажилласан, Улаанбаатар хотын архитектор асан, Монгол Улсын зөвлөх архитектор Гочоогийн Болдтой хийсэн ярилцлагыг толилуулж байна.


-Таны амьдарч байгаа энэ байшинг барихад ямар зардал гарсан бол?


-Би энэ байшинг барихад нэг ч төгрөг зээлээгүй, өөрийн цалингаараа л босгосон. Манайх 144 метр квадрат хэмжээтэй бөгөөд 30-аад жилийн өмнө 20 хүрэхгүй сая төгрөгөөр барьсан. Өнөөдөр ямар ч асуудалгүй, сайхан аж төрж байна. Эрчим хүчний хэмнэлттэй байшингийн хамгийн давуу тал нь ашиглалтын зардал багатай байдаг. Улсаас шөнийн тарифыг тэглэсэн өнөө үед шөнө нь цахилгаанаар, өдөр нь нараар халаад болж байна. Миний яриад байгаа зүйлийг бушуухан ажил хэрэг болгомоор байгаа юм. Би өндөр өртөгтэй, хүнд хийц, загвартай байшингийн тухай яриагүй. Сэргээгдэх эрчим хүчийг хамгийн үр ашигтай, хамгийн бага зардлаар, иргэдэд хамгийн тааламжтай нөхцлөөр санал болгоод байгаа юм.



-Нэгэнт барьчихсан байшинг сайжруулах боломж байдаг уу?


Хундаамаа зөв суулгасан, байршил нь зөв бол засварлаж болно. Тийм биш бол нураагаад дахиад барьсан нь дээр. Хамгийн гол нь гэр хорооллын айлуудын ихэнх нь байшингаа буруу барьчихсан. Хөндий хундааманд, буруу харсан цонхтой, цонх нь дулаан алдагдал ихтэй байна. Дулаан алдагдлыг тоохгүй өнгөрч болохгүй. Давын өмнө хундаамаа зөв цутгах хэрэгтэй. Том цонх хийхээр цан цохидог, хүйтэн болчихдог гэж хүмүүс эндүүрдэг. Харин эсрэгээрээ нар орох цонхыг багасгаснаар халуун саванд хүйтэн ус хийсэнтэй адил болно. Гаднаас энерги орж ирэх боломжгүй болгочихоод дулаалаад байдаг нь хүйтэн хурах нөхцөл л бүрдүүлнэ.


-Таны энэ технологийг амины сууцаас гадна өөр ямар байгууламжид ашиглаж болох вэ?


-Сургууль, цэцэрлэг, спорт заал гээд бүх барилгад ашиглаж болно. Гэхдээ нэмэлт халаалтын системийг шийдэх хэрэгтэй. Өнөөдөр нарны эрчим хүч хураагуур зэрэг сэргээгдэх эрчим хүчний технологийн зардал жил ирэх тусам буурч байна. Иймд боломж бүр л нэмэгдэж байгаа. Нар гэдэг мөнхийн энергийг зөв ашиглах хэрэгтэй. Хойд өргөрөгийн 40-50 градус буюу Монгол орны хаана ч эрчим хүчний хэмнэлттэй байшин барих боломжтой. Үндсэндээ нийслэл хот, ялангуяа уулын энгэрт байгаа гэр хороолол хамгийн тохиромжтой. Өндөрт байх тусмаа нарны гэрэл сайн тусаж, салхинаас хамгаалагдсан байдаг. Эрчим хүчний хэмнэлттэй байшинг түгээн дэлгэрүүлэхэд их энгийн юм. Хамгийн хямд шийдлээр тухайн орон нутгийнхаа онцлогийг тусгасан хувилбараар байшинг барих зарчимтай. Нэгд, нарны энергийг хамгийн ашигтай хувилбараар яаж хүлээж авах вэ гэдгийг анхаарах учиртай. Хоёрт, Барилгын байршлыг сайн сонгох хэрэгтэй. Гуравт, дулаан алдагдалгүй байх ёстой. Ийм гурван зүйлийг анхаарсан байхад эрчим хүчний хэмнэлттэй байшин болж байгаа юм.



Нар тусч байгаа цонхны хэмжээ болон шалны халаах гадаргуугийн хэмжээний харьцааг бодож гаргана. Өрөөн доторхи агаарын урсгалыг зөв тооцох хэрэгтэй. Ингэснээр хэт халахгүй, хэт хөрөхгүй байх сайн талтай. Нэмэлтээр ус болон бусад дэд бүтцийг “Сервис центр”-ийн шийдлээр шийдэж болно. Газрыг ашиглалаа гэхэд уурхай шиг гүн ухахгүй. Байшин, хаусны хувьд 1-1,5 метр гүн ухахад л хангалттай. Хөрсний бүтцийн ялгаанд хүрэхгүйгээр ухна гэсэн үг. Мэдээж хүссэн загвар, хэмжээгээрээ барьж болно. Ийм л энгийн бүтэцтэй. Гэхдээ энгийн гээд хэлчихвэл хэн нэгэн сайн дурын этгээд сэргээгдэх эрчим хүчний байшин барьдаг компани байгуулаад таамгаар буруу барина. Ингээд өнөөх сайн шийдлийн нэр хүнд унана. Канад байшинг монголчууд үнэ хүндгүй болгосон шүү дээ. Уг нь Америкийг орон сууцжуулсан сайн байшин. Тэгэхээр асуудалд нухацтай хандах хэрэгтэй.


-Өнөөдөр манай улсын цөөнгүй их дээд сургуульд архитекторч мэргэжлээр сургаж, дипломтой архитекторчид  олноор төрөөд байгаа. Харин тэдний ур чадварын талаар таны сэтгэгдлийг сонсоё?


-Тийм шүү, архитекторч гэдэг мэргэжил бол маш сайн бэлтгэгдэж гаргадаг онцгой мэргэшил. Гэтэл өнөөдөр хот төлөвлөлт, архитекторын нарийн мэргэжлийг эзэмшээгүй ч зүгээр л сургалтын төлбөрөө төлсөн л бол диплом олгосны гор, хор уршиг нь өнөөдөр гарах боллоо. Хот төлөвлөлт гэдэг эрхэм зүйл үгүй болсон. Тухайн газар дээр оршин сууж, амьдарч байгаа иргэд л тухайн газар нутгийн барилгажилт, орон сууцны хорооллыг хүний эрэлт хэрэгцээг хэрхэн хангаж, тохиромжтой байгаа эсэхийг ойлгож мэдэрнэ. Архитекторч хүн, жирийн энэ хүмүүстэй холбогдож, тэднийг ойлгож мэдэрч байж л жинхэнэ бодит амьдралд нийцсэн зөв хот төлөвлөлт бүхий барилгын зураг, эскиз, загвар, макетыг гаргаж чадна.


-Хот төлөвлөлт нь хэн нэгнийг хуулбарлахаас илүүтэй тухайн газарт оршин байх хүмүүс, орон зай, амьдралын хэв маяг гээд олон зүйлээс хамааралтай байх шүү?


-Бид өөрийн онцлогийг үл харгалзан сохроор барууныг болон бусдыг дууриан хуулбарлаж ирсэн. Өнөөдөр нийслэлийн гол гудамж Энхтайвны өргөн чөлөө гэхэд л олон асуудалтай байна. Тэр Энхтайван найрамдлын ордны өмнө шинээр баригдсан барилга нь ямар ч бодлого, төлөвлөлтгүй боссон. Тэнд машин зогсох зай ч байхгүй, хүний ая тухыг бодсон, хангасан зүйл огт алга. Энэ мэт олон газрууд бий. Энэ бүхэн ямар ч төлөвлөлтгүй, дураар хийж ирсэний уршиг л юм даа.

Барилгын суурийн төвшинг огт бодолцохгүй, дур дураараа барилга барьж босгосны хор уршгийг тооцох аргагүй болжээ. Жишээ нь 20 давхар зочид буудлын дэргэд нэг жижиг барилга, тэгээд ахиад өндөр, нам гээд газар эзэмшигчид өөрсдийн сонголтоор тооцоо, судалгаагүй барилга барьж босгосноор дулаан, бохирын шугам сүлжээ нэг төвшинд бус, дээр доор, өндөр нам байгаагаас шугам ачааллаа даахгүй задрах, ус алдах, барилгын чанар болон даац, бөх бат байдал алдагдах болсныг нийслэлийн аль ч дүүрэгт харж болно. Хот төлөвлөлт нь алс хэтийг харсан, хүний ая тухыг хангасан зөв шийдэлтэй байж л урт удаан оршин тогтнох учиртай.  


-Хот төлөвлөлтийг хийхэд ямар зориулалтаар газар олгохоос эхлээд орон зайн зөв шийдэл, харилцан хамаарал, нөлөөлөл зэргийг маш нарийн төлөвлөдөг байх шүү?


-Манайх шиг нэг эзэнгүй газар байх юм бол, хэн нэгэн дарга нь дураараа газар эзэмших зөвшөөрөл олгож ирсэний уршгаар өнөөгийн эмх замбраагүй ийм тогтолцоог бий болгосон улс орон, Монголоос өөр хаана ч байхгүй л болов уу. Хот, дүүргийн төлөвлөлтийн орон зайн шийдлийн асуудлыг зүй зохистой, алс хэтээ харж хийсэн газар Улаанбаатарт тун ховор, бараг байхгүй дээ. Бүгд л асуудалтай болсон, болж байгаа. Тухайлбал, байшин, барилга хоорондын орон зайн /ориентаци/  шийдэл огт байдаггүй.

Холбоотой мэдээ