"УБТЗ"-ын төлсөн 73 тэрбум төгрөгийн онцгой албан татварыг чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-24 16:55:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн барьсан Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжив. 


Төслүүд батлагдсанаар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам“ нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулсан дизель түлшинд 1998-2015 онд төлсөн 78 тэрбум гаруй төгрөгийн онцгой албан татвараас чөлөөлж, илүү төлсөн татвараар бүртгэх юм. Ингэснээр “УБТЗ” нийгэмлэгийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, зээлийн эргэн төлөлтийг нь бууруулах, үндсэн үйл ажиллагааг нь дэмжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзжээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргав. УИХ-ын дарга Г.Занданшатар, зарчмын зөрүүтэй санал гарсан тул анхны хэлэлцүүлгээр батлах боломжгүйг тайлбарлав. 


Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хурааснаар, хууль, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

Холбоотой мэдээ