О.Баасанхүү: Оюутолгой Эрдэнэт үйлдвэрээс гурав дахин бага татвар төлөхөөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-24 14:10:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн хоригийг гишүүдийн олонх дэмжээгүй тул дээрх хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр боллоо.


Хэлэлцэх асуудлын эхэнд тус хуульд хориг тавьсан гурван бүлэг 14 зүйл бүхий үндэслэлийг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулав. Энэхүү хууль уул уурхайн компаниуд татвараас зайлсхийх боломж олгосон байна. Үүнээс гадна “Оюутолгой” ХХК-иас “Рио Тинто” компанид төлөх бүх төрлийн төлбөр “хүүгийн орлоготой адилтгах” орлогод тооцогдож, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулиар ногдуулах 20 хувийн татвар нь 5 хувь болох бөгөөд энэ нь үүсэж болох ноцтой үр дагавруудын нэг юм. Татварын ерөнхий хуульд татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар зохицуулсныг 4 жил болгосон нь ач холбогдол, үр дагаврын хувьд ойлгомжгүй, иргэд олон нийтэд хардлага төрүүлэхээр байна. Мөн Монгол Улсад оршин суух гадаадын иргэдийн татвар ногдуулах хугацааг нарийвчлан зохицуулахыг дурдсан байна. Иймд Үндсэн хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьжээ.


Дээрх асуудлыг хэлэлцсэн тухай ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав. Тус байнгын хорооны гишүүд Татварын багц хуульд тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ. Мөн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар, гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг  УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ерөнхийлөгчийн хоригт зөв заалт олон байгааг тодотгоод, хоёр байнгын хороо яагаад дэмжээгүйг тодруулав. Тэрбээр, "Эрдэнэт үйлдвэр 17 хувийн татвар төлдөг. Оюутолгой нь Эрдэнэт үйлдвэрээс гурав дахин их борлуулалттай. Гэтэл Оюутолгой түүнээс гурав дахин бага татвар төлөхөөр болсон байна" гэв. Мөн тэрээр, банкнаас авах татвар иргэдээс авах татвараас бага байгааг шүүмжлэв. Тиймээс ядаж зээлийн хүүг бууруулах шаардлагатайг онцолсон.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, "Үндэстэн дамнасан корпорациуд ядуу буурай оронд татвар төлөхгүй "зугатаад" байдаг.  Үүнээс хамгаалж олон улсын "Beps" байгууллагатай хамтран энэ татвараа төлүүлдэг болгох зарчим руу орсон. Олон улсын байгууллагаас надад бичиг ирүүлсэн" гэв. Тэрээр тус байгууллагаас ирүүлсэн бичигт "Beps"-ийн стандарт дүрмийг баримтлан Татварын багц хууль боловсруулан батлуулсанд талархал илэрхийлснийг дурдав. Тэрбээр цааш хэлэхдээ, "Одоо төлөхгүй байгаа татварыг авахын тулд тууштай тэмцэнэ. Харин Банкаас бага татвар авах гэж байгаа зүйл байхгүй. Гаднаас мөнгө төвлөрүүлж оруулж ирээд буцаад гарч байгаа татварыг 5 хувь болгосон. Монголд зээлгүй хүн цөөхөн. Тиймээс зээлийн хувь хэмжээг бууруулахыг тулд гадаадаас ороод гарч байгаа татварыг 10 биш 5 болгочихвол хүүгийн хэмжээ багасна гэж үзсэн. Бид олон улсын татварын байгууллагатай хамтран үндэстэн дамнасан корпорациудаас татвараа бүрэн авахын тулд энэхүү хуулийн өөрчлөлтийг хийсэн" гэв. Тэрээр 2020 оноос энэ хууль хэрэгжиж эхэлснээр, "Beps" олон улсын байгууллагын ажлын баг манай улсад хүрэлцэн ирж, томоохон корпорацийн татвар авахад хамтран ажиллана хэмээн учирласан. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Гарамжав, О.Баасанхүү, Д.Оюундарь зэрэг гишүүн асуулт асууж, тайлбар авсан. Ийнхүү санал хураахад Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас гишүүдийн олонх татгалзлаа. 

Холбоотой мэдээ