"Эрдэнэт үйлдвэр”-ийн тухай Монгол, ОХУ-ын хэлэлцээрийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-22 07:34:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын таван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт эхэлж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. Үүний дараа буюу 10.00 цагт тус байнгын хороо Өргөдлийн байнгын хороотой хамтарсан хуралдаан, Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонсох юм. Үргэлжлүүлэн Өргөдлийн байнгын хороо дангаараа хуралдаж, Аюултай хог хаягдлын асуудлаар холбогдох байгууллагын мэдээлэл сонсохоор төлөвлөжээ.


Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 12.00 цагт хуралдаж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.


Үдээс хойш буюу 14.00 цагт болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Харилцаа холбооны тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг багтжээ. Харин 15.00 цагт хуралдах Эдийн засгийн байнгын хороо Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл, Сэргээгдэх эрчим хүчний тухай, “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ