“Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-21 19:27:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” болон “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, батлахыг дэмжив.


Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төслийг танилцуулсан. Төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед олонхын санал авсан зарчмын зөрүүтэй саналыг нэмж тусган төслийн агуулга, хэлбэрийг алдагдуулахгүйгээр найруулгын чанартай зарим засвар хийж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг дурдав. Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтлоо.


Үргэлжлүүлэн “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төслийг танилцуулав.  УИХ-ын 2011 оны 36 дугаар тогтоолоор төрийн дээд албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг баталсан. Ингэхдээ, яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сарын цалингийн хамгийн дээд шатлалд хамаарах цалингийн хэмжээг суурь болгожээ. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын цалингийн сүлжээний хамгийн дээд шатлалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх бүрт итгэлцүүрт харгалзах коэффициентоор төрийн дээд албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ нэмэгддэг байна.


Иймээс Төрийн албаны тухай шинэ хуулийн холбогдох заалтыг үндэслэн Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг хэвээр мөрдөхөөр УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Харин уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.10 дахь хэсэгт заасны дагуу албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг хамааруулахгүй байхаар төсөлд тусгасан байна.


Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Холбоотой мэдээ