Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-21 19:15:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг хэлэлцэв.


Эхлээд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нарын санаачилсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулсан.


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн асуудлыг зохицуулдаг. Гэвч УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд дээрх хуульд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн нарийвчилсан, үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэх, тухайлбал, Байнгын хороогоор хэлэлцэх дараалал, гишүүдийн ирц, санал хураалт явуулах босго зэрэг дэгийн асуудлыг тусгайлсан зохицуулалт байхгүй байгаа юм. Үүнээс үүдэж үл ойлголцол үүсэх, мухардалд орох, эсхүл дур зоргоороо тайлбарлах зэрэг зөрчил бий болж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, журам алдагдах нөхцөл байдал бий болж болзошгүй юм.


Иймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тодруулах, агуулгыг шинэчлэх үүднээс дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч танилцуулав.


Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын хууль тогтоох ажил илүү боловсронгуй болж, хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд тулгарч болзошгүй асуудлыг шийдвэрлэх хууль зүйн эерэг дүн гарч, цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжрах, тогтвортой байхад сайнаар нөлөөлнө гэж үзэж буйгаа тэрбээр хэллээ.


Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Н.Энхболд нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Мөн хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар зарчмын хувьд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа, гэхдээ хэлэлцүүлгийн явцад сайтар нягталж хуулийн давхардал, хийдэл гаргахгүй байхад анхаарах, энэ үүднээс ажлын хэсэг гаргаж ажиллуулах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Дараа нь УИХ-ын нэр бүхий таван гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.


Тэрбээр илтгэлдээ, Хуулийн төсөл 7 зүйлтэй агаад Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг УИХ-ын даргыг сонгож дуустал их хурлын хамгийн олон удаа сонгогдсон, хэрэв олон удаа сонгогдсон хэд хэдэн гишүүн байвал тэдгээрийн насаар хамгийн ахмад гишүүн удирдаж байхаар боловсруулсныг дурдсан. Мөн шинээр сонгогдсон гишүүн тангараг өргөөгүй тохиолдолд түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсанд тооцохоор тусгасан байна. Одоогийн УИХ-ын тухай хуулиар, УИХ-ын дарга, дэд даргыг сонгодог. Харин дээрх хуулийн төсөлд УИХ-ын дарга, дэд даргыг сонгох журмыг дэгийн тухай хуулиар зохицуулахаар тусгажээ. Үүнээс гадна шинээр бүрдсэн УИХ-ын хуралдааны дэгээ шинэчлэн тогтоох, эсэх асуудлыг анхны ээлжит чуулганаараа хэлэлцэн шийдвэрлэж байх зохицуулалт хийсэн байна. Энэхүү хуулийн төслийг олон улсын практик, судалгаанд тулгуурлаж боловсруулсан гэдгээ төсөл санаачлагч онцлов.


Мөн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах эрхтэй байх, тухайн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр хэлэлцэж байх, УИХ-ын дарга хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл болон бусад баримт бичгийг нэгдсэн хуралдаанд мэдээлж байх зэрэг зохицуулалт оруулжээ.


Хуулийн төсөлтэй холбогдуулан хууль хоорондын давхардлыг арилгах, уялдуулах үүднээс УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамтад нь боловсруулсан байна. Эдгээр хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн зохицуулалт илүүтэй нарийвчлагдан зохицуулагдаж, үр нөлөөтэй болно гэж үзэж буйгаа төсөл санаачлагч онцоллоо.


Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Д.Лүндээжанцан нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Төсөл санаачлагч гишүүн Х.Нямбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ төслөөр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дэгийн хуулийн 49 орчим хувьд нэмэлт, өөрчлөлт орохоор байгаа. Гадны экспертүүдийн өгсөн зөвлөмж, парламентат ёс өндөр хөгжсөн бусад орны сайн туршлагад суурилан хуулийн төслийг боловсруулж УИХ дахь намын бүлэг, зөвлөлд танилцуулан гишүүдээс гаргасан саналыг бүхэлд нь тусгасан. Мөн парламент, түүний гишүүдийн хариуцлагыг сайжруулах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилтын үүднээс УИХ өөрийн бүтцэд Дотоод асуудлын болон Хүний эрх, иргэний боловсролын Байнгын хороотой байх зохицуулалтыг тусгаж өгсөн гэдгийг хэллээ.


Мөн хуулийн төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Н.Энхболд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй.

Холбоотой мэдээ