Амралтын газар, жуулчны баазуудын усны чанар нь нянгийн бохирдолттой гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-09-17 15:16:00

НМХГ-аас нийслэлийн нутаг дэвсгэрт амралт, жуулчны баазын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 72 газарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрчээ.

Тухайлбал, шалгалтад хамарсан газруудын 18  буюу 25 хувь нь эрүүл ахуйн болон “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудад тавих ерөнхий шаардлага” MNS6043:2009, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсныг тогтоожээ.
 Мөн усны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийхэд ундны усаа зориулалтын бус саванд нөөцөлсөн, ус хадгалж буй саваа тогтмол хугацаанд угааж, халдваргүйжүүлдэггүй, нийт 66 усны дээж авч, хими нян судлалын шинжилгээ хийхэд 12 буюу 18 хувь нь нянгийн бохирдолттой гарсан байна.
 Гүний худгийн 30 буюу 42 хувь нь эрүүл ахуйн хамгаалалтын бүсгүй, хамгаалалтын бүсэд байшин барилга, энгийн бие засах газар, бохир усны цооног, хог хаягдлын цэг зэрэг бохирдуулагч эх үүсвэр байрласан, 46 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон, бохирын цооногтой, хог хаягдлыг түр хадгалах шаардлага хангасан зориулалтын хогийн цэг, хогийн савгүй, 20.8 хувь нь “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм” зөрчин байрлаж үйл ажиллагаа явуулж байв.
 Амралт, жуулчны баазын хоол үйлдвэрлэлийн газрын эрүүл ахуйн нөхцөл халдвар хамгааллын дэглэмийг шалгаж, угаалга цэвэрлэгээний байдалд үнэлгээ зорилгоор нийт 445 арчдас авч шинжилгээнд хамруулахад 22 хувь нь нянгийн бохирдолттой гарсан, хүнсний бараа, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар аюулгүй баталгаажилтгүй, тэдгээрийг хадгалах зориулалтын агуулах, хөргөгч хөлдөөгч болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй, 48 хувь нь хоол хүнснээс дээжийг зохих зааврын дагуу тогтмол авч, бүртгэл хөтлөн усгаж хэвшээгүй, хоол үйлдвэрлэлийн байранд гар угаах нөхцлөөр бүрэн хангаагүй, үйлчилгээний ажиллагсдаа эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулаагүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.

Нийт 420 гаруй зөрчил дутагдал илрүүлэн, холбогдох хууль тогтоомж зөрчин зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан иргэн О.Алтантулгын амралтын газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор холбогдох хууль тогтоомж зөрчсөн 27 аж ахуйн нэгжид 5 сая 856 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авчээ.

Түүнчлэн “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм” зөрчин Туул, Хэрлэн голын эргийн сан бүхий газарт амралт, жуулчны баазын үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий 15 газрын газар эзэмших эрхийг цуцлах асуудлыг БОНХАЖЯ-д хүргүүлэхээр болжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд