Монголын эзэнт гүрний Алтан Ордны улсын 750 жилийн ойг татар, казахууд тэмдэглэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-12 12:02:51

Казань. /Татар-информ/. Монголын эзэнт гүрний Алтан Ордны улс байгуулагдсаны 750 жилийн ойг ирэх онд ОХУ-ын Татарстанд тэмдэглэхээр төлөвлөж байгаа тухай мэдээлэл казахуудын сэтгэлийг хөдөлгөжээ. Энэ тухай Казахстанаас Татарстан улсад суугаа Ерөнхий консул Еркин Тукумовын хэлснийг иш татан «Татар-информ» агентлаг мэдээлжээ.


“Энэ бол үнэхээр гайхамшигтай санаачлага, ах дүү татарууд маань юм хийх гэж байна, бид бас хоцорч болохгүй, бид та нараараа бахархаж байна. Алтан Ордны улс бол Казахстаны түүхийн салшгүй хэсэг юм. Алтан ордны хаадын өвөг дээдэс, Чингис хааны ууган хүү Зүчийн булш Казахстаны нутагт байдаг. Энэ нутагт Алтан Ордны улсын худалдааны төвүүдийн нэг Сарай-Жук хот оршиж байсан.  Тийм учраас Алтан Ордны улс байгуулагдсаны 750 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд нь Казахстаны талын оролцоотойгоор хэрэгжүүлэх хамтарсан төсөл байх ёстой. Казань хотод болох энэхүү арга хэмжээнүүдэд Казахстаны төлөөлөгчид заавал оролцоно. Манайд ч мөн янз бүрийн үйл ажиллагаа болох байх, гэхдээ чухам ямар арга хэмжээ байх талаар надад одоохондоо мэдээлэл байхгүй” хэмээн дипломатч сэтгэл догдлон хэлжээ.


Алтан Ордны улс байгуулагдсаны 750 жилийн ойг тохиолдуулан ирэх онд Татарстаны нийслэлд Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах төлөвтэй байгаа талаар «Татар-информ» агентлаг өмнө нь мэдээлж байсан. Энэхүү арга хэмжээг Казанийн Холбооны их сургууль /Приволжийн/, Маржанийн нэрэмжит Түүхийн дээд сургууль зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа ба Казахстан, Азербайжан, Кыргызстан, Швед, Норвеги болон Италийн эрдэмтэдийг уриад байна. 

Холбоотой мэдээ