Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-12 11:29:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоол нь төрийн албан хааг нэр дэвших боломжийг хязгаарласан хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэж, хүчингүй болгож, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг УИХ-д уламжилсан юм. Тиймээс дээрх тогтоолтой холбогдож буй Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх үүднээс өөрчлөлт оруулж буй юм. Тодруулбал уг хуульд, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүн, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийн ээлжит бус сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 60 хоногийн өмнө, нөхөн болон дахин сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 30 хоногийн өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгнө” гэсэн өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Д.Эрдэнэбат болон Ж.Мөнхбат нарын гишүүд төрийн албан хаагчийг сонгуульд өрсөлдүүлж, төрийн албыг улс төржүүлдэг байдлыг таслан зогсоох хэрэгтэй гэсэн санал хэлж байлаа.

Тухайлбал Ж.Мөнхбат гишүүн, “Ерөнхийлөгч, УИХ, ИТХ-ын нөхөн сонгуулийг жил бүрийн 6 болон 10 дугаар сард зохион байгуулдаг байдлыг таслан зогсоох нь зөв. Өөрөөр хэлбэл, тодорхой сар зааснаар төрийн албан хаагч эртнээс сурталчилгаа хийж, төрийн ажлыг эзэнгүйдүүлэх тохиолдол гардаг байна. Нөгөө талаас иргэд нөхөн сонгуулийн сар болох хүртэл иргэд УИХ, ИТХ-д төлөөлөлгүй болж байгаа юм. Тиймээс орон тоо гарсан тохиолдолд нөхөн болон дахин сонгуулийг нэн даруй зохион байгуулдаг байх нь чухал. Нөгөөтэйгүүр төрийн албан хаагч сонгуульд өрсөлддөгийг болиулах, сонгуульд ялагдсан улс төрч төрийн албанд ажиллахыг хориглох хэрэгтэй. Ингэж байж төрийн алба тогтвортой ажиллана” гэв.

Харин байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, “Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй. Хэрэв сонгуулийн хуулиар нарийн зохицуулбал энэ асуудал хүний эрхийн зөрчилд орох магадлалтай. Одоо Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсэг ч ажиллаж, дээрх асуудлыг нарийвчлан судалж, гадаад орнуудын туршлагаас судалж байна” хэмээв.

Мөн үер гишүүдийн олонх хуулийн төслийг нарийвчлан хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Мөн уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг С.Бямбацогт гишүүнээр ахлуулан байгууллаа.

Холбоотой мэдээ