Монгол- Индонезийн худалдааны эргэлт 23 сая ам.долларт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-12 09:33:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол, Индонез улс 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны  бизнес уулзалт  анх удаа боллоо. Уулзалт дээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Индонезийн уул уурхайн салбарыг хөгжүүлсэн болон зэсийн баяжмалыг боловсруулах туршлагыг судлах нь Монголын эдийн засагт чухал болох”-ыг онцолсон бол Индонез улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жаухари Оратмангун хоёр талын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлж хамтран ажиллахад өөрийн зүгээс бүхий л хүчин чармайлтаа үзүүлнэ гэв.


МҮХАҮТ болон Индонез Улсын ЭСЯ хамтран зохион байгуулсан бизнес уулзалтад Индонез улсын ЭСЯ-ны 10 гаруй албан хаагч, дипломатууд, Монголын талаас ГХЯ, Сангийн яам, 17 аж ахуй нэгж, компанийн төлөөлөгч оролцлоо. Хоёр талын бизнесийн боломжийг нээх, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой уг бизнес уулзалтын үеэр Индонезийн ЭСЯ-ны нэгдүгээр орлогч сайд Индонезийн эдийн засгийн одоогийн байдал, цаашдын хандлагын талаар илтгэл тавьсан бол Монголын талаас Гадаад Харилцааны болон Сангийн яамны төлөөлөгчид Монголын эдийн засгийн төлвийн талаар танилцуулга хийв.

Тодруулга: Тоо баримтаас харвал хоёр талын худалдааны эргэлт 2013 онд 15.5 сая ам.доллар, 2014 онд 20 сая ам.доллар, 2015 онд 23 сая ам.долларт хүрсэн байна. Монгол Улс Индонезид голдуу механик багаж, тунгаасан зэс, хайлш нийлүүлдэг бол тус улсаас дал модны тос, эм, саван импортолдог байна.

Б.Болд

 

Холбоотой мэдээ