Б.Одонхүү: Үр, сортын шинэчлэл хийснээр эрдсэлгүй тариалан хөгжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-11 16:51:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Газар тариалангий салбарт нутагшсан сортын эзлэхүйн жинг нэмэгдүүлж, үр, сортын шинэчлэлийг хийснээр байгаль, цаг уураас үл хамаарах эрдсэлгүй тариаланг хөгжүүлнэ” гэдгийг өнөөдөр “Чингис” зочид буудалд болсон “Тогтвортой газар тариалан” зөвлөгөөнөөр хөндөж байв.

Манай улс энэ жил улаанбуудай болон төмснийхөө хэрэгцээгээ дотооддоо 100 хувь, хүнсний ногооны 60 орчим хувийг хангахуйц ургац авсан амжилтаар газар тариалангийн салбарын үйл явц урагшилсан жил байлаа. Тиймээс энэ салбарынханд одоо байгалийн бэрхшээлээс гарах, цаг агаараас үл хамааран ямар ч нөхцөлд ургацаа тариад авчихдаг, тогтвортой газар тариаланг цааш хөгжүүлэх нь гэсэн дараагийн асуудлаа ярилцаж эхэллээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны газар тариалангийн салбарын зөвлөх Б.Одонхүүгээс тодруулахад, “Сүүлийн үед Засгийн газраас ХАА-н салбарт, тэр дундаа тариалангийн үйлдвэрлэлд үзүүлж буй хөрөнгө оруулалт, дэмжлэг, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ бишгүй байна. Үүний дүнд энэ салбарт хураан авч буй ургац, тариалж буй талбайн хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж буй ч энэ нааштай үзүүлэлтийг тогтвортой хөгжүүлэхэд анхаарах цаг ирсэн.

Энд гол нөлөөлөх байгаль, цаг уурын өөрчлөлт бүхий эрсдлээс хамаарч ургацын хэмжээ жил бүр савлахгүй байх ёстой юм. Тиймээс энэ салбараа тогтвортой хөгжүүлэх зорилт тавьж байна. Энэ хүрээнд газар тариалангийн салбарт иж бүрэн шинэчлэл хийх шаардлага гарч ирсэн. Эхний ээлжинд энд үрийн шинэчлэл орж байна.


Нутагшсан сортын эзлэхүйн жинг нэмэгдүүлнэ. Ингэснээр бид нэгжээс авах ургацын хэмжээг өсгөх боломжтой. Хоёрт, хөрсний үржил шимээ хамгаалж сайжруулах үүднээс энд нийцсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Гуравт, усалгаатай тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх, тариалангийн талбайн тарималын зөв оновчтой сэлгээг нэвтрүүлснээр талбайн ашиглалтыг сайжруулах, дээр нь техник, технологийн шинэчлэлийг хийн эрчимжүүлж үргэлжүүлэх гэсэн иж бүрэн шинэчлэлтийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах нөхцөлийг бүрдүүлж, аль болох байгаль, цаг уураас хараат байдаг байдлыг бууруулна” гэдгийг онцолж байна.

Тодруулга: Өнөөдрийн байдлаар манай улсад үр тариан таримал дээр 26-27 сортыг тарьж үржүүлж байна. Улаанбуудайн сортын 60 орчим хувь нь нутагшсан сортын тарималын үрээр тариалж байна. Үүнийг цаашид 100 хувь нутагшсан сортын үрээр тариалдаг болох, анхдагч үрийн аж ахуйг хөгжүүлж, үр, сортын чиглэлээр бие даасан бүтэц бий болгон цааш авч явах зорилтыг газар тариалангийн салбарынхан ирэх 2019-2020 онд тавьж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаад байна.

Б.Болд

 

Холбоотой мэдээ