Аймгийн удирдлагууд Баруунтуруун суманд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-11 22:35:45

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Баруунтуруун суманд ажиллаж, аймгийн Засаг даргын 2018 онд эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, аймгийн ИТХ-аас гарсан тогтоол шийдвэр, 2019 оны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын талаар болон өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, төсөвт байгууллагуудын тайлан мэдээлэлтэй танилцан, иргэдийн санал хүсэлтийг сонссон байна. 

Баруунтуруун суманд 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Аврах гал унтраах ангийн шинэ байрны ажлыг эхлүүлэх, Сумын соёлын төв, спорт заалны их засвар хийх, Гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, Үүрэн холбооны дамжуулах станцыг шинэчлэх, Заставт өндөр хүчин чадлын цахилгааны үүсгүүр байршуулах зэрэг ажил хийсэн байна. Тэрчлэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Сум дундын эмнэлэгт цахилгааны засвар хийх, мэс заслын иж бүрэн багаж хэрэгсэл нийлүүлэх, Дотуур байрыг камержуулах, Хог тээврийн автомашинтай болох, эвдэрсэн зам талбайг засч, үерээс хамгаалах далан хийх, Багийн дарга, эмч нарыг унаажуулах, Соёлын төвийн хөгжмийн хэрэгсэл, Цэцэрлэгийн зөөлөн эдлэлийг солих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийжээ.
Аймгийн Засаг даргатай хийсэн уулзалтын үеэр сургууль, цэцэрлэгийн бие засах газрын асуудлыг шийдэх, сум дундын эмнэлгийн гараш барих, халдвартын байрыг засварлах, соёлын төвийн уран сайханчдыг хувцас хэрэглэлтэй болгох, сумын тамгын газрын барилгыг шинээр барих, сумын төвд хатуу хучилттай зам тавих, бетонон гүүр барих, хилчид малчдад зориулсан үүрэн телефоны дахин дамжуулах станцтай болох зэрэг асуудлыг шийдүүлэх хүсэлтэй байгаагаа Баруунтуруунчууд хэлсэн байна.

Үүнээс гадна тус ажлын хэсэг Цагаанхайрхан суманд мөн ажиллаж, тус сумын ажил байдалтай танилцсан байна.

Холбоотой мэдээ