ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр нарын хэргийг шүүхэд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-11 15:55:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олны анхаарал татсан зарим хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн талаар Нийслэлийн  прокурорын газраас мэдээлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэв. Уг хэрэгт ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг мөн сэжигтнээр татаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. 

Мөн Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпил нь албан тушаалын байдлаа урвуулан “Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын Чайна инженеринг корпорацид давуу байдал олгож Монгол Улсад төлөх татвараас чөлөөлж, их хэмжээний хохирол учруулсан”, “Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үйл ажиллагаанд нөлөөлж “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө тус компанийн захирал А.Хайратаас хээл хахууль авсан” зэрэг хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Түүнчлэн Монгол улсын шадар сайд асан  Ц.Оюунбаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тэмээн поло тэмцээн”-ийг дэмжихэд 150 сая төгрөгийн эрх шилжүүлэх тушаал хэрэгжүүлэхийг тухайн үед Биеийн тамир спортын хөгжлийн төв /БТСХТ/-ийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд даалгаж, улмаар А/325 дугаартай тушаал гаргуулан өөрийн төрсөн хүү болох О.Тэмүүжингийн “Монголын тэмээн поло спорт уралдаан аялалын холбоо” гэх төрийн бус байгууллагын дансаар 150 сая төгрөг шилжүүлж ЭМЯ-нд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн харъяаллын шүүхэд шилжүүлэв. 

Холбоотой мэдээ