2019 оныг "Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил" болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-11 15:19:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдоржтой ярилцаж, ИТХ-аас гаргасан бодлого, шийдвэр түүний хэрэгжилт, үр дүнгийн талаар тодрууллаа.

-    Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан саяхан хуралдаж, ирэх жилийн зорилтыг зарлалаа. Энэ тухайд та мэдээлэл өгнө үү?

-    Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/ бүрэн эрхийн хугацаа дахь 9 дэх хуралдаанаа 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд төв суурин газрын төвлөрөл ихэсч, тэр хэрээр агаарын бохирдол, орчны тоосжилт нэмэгдэж байна. Тиймээс бид асфальтан зам,талбай тавих, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, гэр хорооллын айл өрхүүдээ боловсон 00-той болгох, хашаа хороогоо цэгцэлж, хаяг дугаараа тодруулах, хог хаягдлын асуудлаа шийдвэрлэх гээд орчноо тохижуулах чиглэлэлээр томоохон зорилтыг дэвшүүлж байгаа юм.

Хуралдаанаар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар 2019 оныг "Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил" болгон зарласан.  Монгол  Улсын Үндсэн хуулинд “Иргэн хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг. Тэрхүү эрхийг хангах нь төрийн үүрэг юм. 2019 он иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан олон ажлыг хийж хэрэгжүүлсэн жил болно гэдэгт итгэлтэй байна.


    Жилийн зорилтот ажлыг тодорхойлоход иргэдийн оролцоо байсан болов уу?

-   Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдээс шууд сонгогддог төлөөллийн байгууллагын хувьд тэдний дуу хоолойг сонсож, санал санаачилгыг нь боловсруулж, төрийн бодлого, шийдвэр болгон баталж, аймгийн Засаг дарга түүний Тамгын газар, холбогдох хэлтэс, агентлагуудад хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгдөг байгууллага юм. Энэ утгаараа багуудын иргэний Нийтийн Хурлаар дамжуулан иргэдээс санал авсан. Иргэд харилцан адилгүй саналтай байгаа. Иргэдээс ирсэн дийлэнх саналын дагуу "Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил" болгон зарласан.

-   Тухайн жилийг аливаа нэг зорилтоор онцлох нь  ямар үр ашиг, ач холбогдолтой байдаг юм бэ?

-  Аймгийн ИТХ-аас аймаг, орон нутаг, иргэдийнхээ өмнө нэн тэргүүнд тулгамдаж буй асуудлыг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлон жил бүрийг “Зорилтот жил” болгон зарлаж ирсэн уламжлалтай. Аймгийн ИТХ, ЗДТГ-аас тухайн жилийн зорилтыг өргөн цар хүрээнд хэрэгжүүлж, бодит үр дүнг үлдээх зорилготой ажилладаг.

Тухайлбал, 2017 онд ахмадууддаа хүргэж буй нийгмийн хамгаалал, дэмжлэг сул байна гэж үзээд “Ахмадаа дээдлэх жил” болгон зарлаж, аймаг, сум, байгууллага бүр ахмадуудаа дэмжих олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан. Мөн бүтээн байгуулалтуудыг ч өрнүүлж, сумдууд Ахмадын хөгжлийн өргөөтэй, аймаг Ахмадын ордонтой болсон байгаа.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрх ашиг хөндөгдөх, хүүхэд гэмт хэрэгт холбогдох, өртөх асуудал нийгэмд тулгамдаж эхэлсэн учраас хүүхдүүдийнхээ өмнөх асуудал, бэрхшээлүүдийг шийдвэрлэхээр 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан Ажлын хороог байгуулан 5 зорилт, 57 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлээд байна. Энэ онд манай аймагт 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэний 80 хувийг хүүхдэд зориулсан үйл ажиллагаа, бүтээн байгуулалтанд зарцууллаа.

Аймгийн ИТХ-ын 9 дүгээр хуралдаанаар зорилтот жилийн ажлын тайланг хэлэлцэж, 92.4 хувьтай буюу үр дүнтэй, шалгуур үзүүлэлтүүд зорилтот түвшиндээ хүрсэн хэмээн дүгнээд байна.

-     Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн хуралдаан энэ онд иргэдийнхээ дуу хоолойг төрд хүргэж, хэдэн удаа хуралдав? Хэдэн асуудлыг хэлэлцэв?

-    Хуульд зааснаар аймгийн ИТХ нь бодлого, шийдвэр, хөтөлбөрийг боловсруулж батлан гаргах, түүний хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хуулийн өөрт хамааралтай асуудлаар хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлдэг байгууллага юм.

2018 онд ИТХ-ын ээлжит хуралдаан 3 удаа хуралдаж, 24 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бол Тэргүүлэгчдийн хуралдаан 17 удаа хуралдаж, 126 асуудлыг шийдвэрлэн 5 асуудлыг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.  Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас гаргасан мэдээллээс авч үзэхэд хуралдаанаар Тэргүүлэгчид нийт 444 удаа асуулт асууж, 349 санал хэлж, 83 тогтоол гаргаж, 25 удаа тэмдэглэлээр үүрэг өгсөн байна.

-    Хуралдаанаас гаргасан томоохон бодлого, шийдвэрийг танилцуулахгүй юу?

-   Тухайлбал, аймгийн МШУТ-ийн 70321111 утсаар БОЭТ-тэй холбоотой санал, гомдлыг иргэдээс байнга ирүүлж байгаатай холбогдуулан “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” аргачлалыг Дэлхийн зөн ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байна. Томилогдсон ажлын хэсгээс 1700 гаруй иргэнтэй уулзан хэлэлцүүлэг хийж, хамгийн их санал авсан 10 асуудлыг ажил хэрэг болгохоор төлөвлөгөө гарган ажиллаж байна. БОЭТ-д энэхүү аргачлалыг нэвтрүүлснээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж байгаа асуудлуудыг гаргаж ирэх, тухайн асуудлыг орон нутгийн түвшиндээ шийдвэрлэх, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, бодит оролцоог нэмэгдүүлэх, БОЭТ-ийн үйлчилгээг сайжруулах зэрэг олон үр дүнд хүрэх зорилготой юм. Энэ үүднээс 2019 онд эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 600 сая төгрөг батлаад байна.

Түүнчлэн Тэргүүлэгчдийн хуралдаанаар Арвайхээр суманд 2018-2020 онд хэрэгжүүлэх Усны аюулгүй байдлын төлөвлөгөө, “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөр, “Аялал жуулчлал” дэд хөтөлбөр, “Нэг өрх - Нэг ажлын байр” хөтөлбөр, “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийг баталж, удирдлага зохион байгуулалт, хяналт шалгалт, орон нутгийн өмч хөрөнгийн шийдвэрлэлт, шагнал урамшууллын чиглэлээр тогтоол, тэмдэглэлүүдийг гаргаад байна.

-    Төлөөлөгчид тойрогтоо хэр сайн ажиллаж байгаа вэ. Төлөөлөгчдийн идэвх оролцоог дүгнэж хэлвэл...?

-   Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан тогтмол 80-иас дээш хувийн ирцтэй хуралдаж байна. 100 хувийн ирцтэй хуралдах тохиолдлууд ч багагүй бий. Бүрэн эрхийн хугацаанд өнөөдрийг хүртэл ирцээс шалтгаалан хурал хойшилж байгаагүй. Тэгэхээр төлөөлөгчдийн идэвх оролцоо, ажил хэрэгч байдал харьцангүй сайн байна гэж хэлж болно.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг ИТХ-аар жил бүр хэлэлцэн батлаж, бас хэрэгжилтийг нь дүгнэдэг. Энэ хөтөлбөр нь Төлөөлөгчдийн тойрог тойрогтоо дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрүүдийг нэгтгэсэн бодлогын баримт бичиг юм. Мөн жил бүрийн хуралдаанаар аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батладаг бөгөөд үүнд Төлөөлөгчдийн тойрогтоо хийж хэрэгжүүлэх ажлын саналууд багтдаг.

Аймгийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2018 оны хэрэгжилтийг 97.2 хувь, Өвөрхангай аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг 93.8 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай -2020” хөтөлбөрийн биелэлт харьцангүй сайн байгаа. 2020 он гэхэд 100 хувийн биелэлт рүү дөхнө гэж харж байна.

-        Мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Холбоотой мэдээ