Байнгын хороод ЗТХ-ийн сайд, БСШУС-ын сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-11 09:07:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Тухайлбал, Эдийн засгийн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, гурван асуудал хэлэлцэхээр товлосон байна. Тус байнгын хорооны хэлэлцэх асуудлын жагсаалтад ЗТХ-ийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.

Харин 11.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, БСШУС-ын сайдыг огцруулах тухай, Эрүүл мэндийн тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар холбогдох албаныхны мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна.

Үдээс хойш буюу 14.00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдана. Байнгын хороо Монгол, Беларусь улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төсөл, Монгол, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Холбоотой мэдээ