Чингэлтэй, Бянгол дүүрэг амны хөндийн эрүүл ахуйн сургагч багш бэлтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-12-10 17:32:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтыг өнөөдөр Баянгол дүүргийн ЗДТГ-т зохион байгууллаа.


Сургалтыг тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр нар нээсэн бөгөөд нийт 105 хүнийг хамруулаад байна.

Сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх насныхан болон ЕБС-ийн сурагчдын дунд шүдний цоорол өвчин эрс нэмэгдэх болсон. Шүдний цоорол нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнөөс гадна 200 гаруй төрлийн өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй, хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлийн дам шалтгаан болж байна.

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн 2017 онд хийсэн судалгаагаар бага насны хүүхдийн 86 хувь нь шүд цоорох өвчинтэй байсан бол, 14 хувь нь эрүүл гэж гарчээ. Шүд цоорох өвчний тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 86.2 хувь, сургуулийн насныхны дунд 86.1 хувьтай байсан аж.

Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт өндөр байгаа нь иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшөөгүйн улмаас шүдний өвчин үүсч хүндрэх, шүдгүйдэлд хүрэх, үүний улмаас зажлах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямрах төдийгүй нийгэмд харилцах өдөр тутмын идэвхи алдагдаж, амьдралын чанар буурахад хүргэж байна.

Дашрамд дурдахад, нийслэлийн 23 дугаар дунд сургуульд зохион байгуулсан эхний сургалтад Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинетийн эмч болон ӨЭМТ-ийн эмч, нийгмийн ажилтан зэрэг нийт 90 хүн хамрагдсан юм.

Холбоотой мэдээ