Зүүнбаянд 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-12-10 16:39:15

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаян тосгонд 50 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо.

Цэцэрлэгийн барилгад шаардлагатай 499 төгрөгийн хөрөнгийг “Доншень-Монгол газрын тос” ХХК аймгийн Засаг даргатай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд гаргасан бол бүтээн байгуулалтыг “Хархорин-Өргөө” ХХК гүйцэтгэж энэ оны 12 дугаар сарын 09-нд дуусгаж хүлээлгэн өгчээ.

Сайншанд сумын тавдугаар баг нь 2000 гаруй хүн амтай хэдий ч ганцхан цэцэрлэгтэй байжээ.

Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор багийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт  нэмэгдэхээс гадна 12 ажлын байр шинээр бий болж, хүүхдүүд тохитой орчинд сурч хөгжих боломжтой боллоо хэмээн багийн Ажлын албанаас мэдээлэв. 

Шинэ цэцэрлэгийн нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймаг сумын удирдлагууд, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компаниуд болон тус сумын иргэд оролцлоо.

Холбоотой мэдээ