Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн намтар, түүхийг харуулсан баримт бичиг, гэрэл зургаар үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-12-10 15:32:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн мэлмий гийсний 140 жилийн ойд зориулан “Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн-140” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Үндэсний музейд болов.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын өрөнхий газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн. Монголын Үндэсний музей болон “Сайн ноён хан" сан хамтран тус үзэсгэлэнг зохион байгуулж буй юм.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд сэргээн байгуулагдсан Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган хамгаалах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэлд жинтэй хувь нэмэр оруулсан түүхэн зүтгэлтнүүд цөөнгүй бий. Тэдний нэг нь XX зууны Монголын төрийн нэрт зүтгэлтэн, дипломатч, анхны Ерөнхий сайд Түмэнхэн номун эзэн, Итгэмжит эетэй, Эрх дайчин Сайн ноён хан Боржигин овогт Төгс-Очирын Намнансүрэн юм.


Үзэсгэлэнг нээж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлэхдээ, “Монгол Улс 200 гаруй жил тусгаар тогтнолоо алдаад нүүдлийн соёл иргэншлийн хүчээр удам угсаа, түүх, зан заншлаа авч үлдсэн түүхтэй. Бид өөрсдийн түүхийг сайн мэддэг байх хэрэгтэй. Монголын хамгийн сонирхолтой он жилүүдийн нэг XX зууны төрт ёсны түүхийг мэдэж авахад энэ үзэсгэлэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Сайн ноён хан Т.Намнансүрэн нөхдийн хамт дэлхийн хэмжээнд сэтгэхийг оролдож байсан нь энэхүү үзэсгэлэнгээс харагдана. Тэд монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд маш их оролдлого хийж байсан. Монголын шинэ цагийн  сэргэн мандлын төрийн түүхэнд баларшгүй ул мөрөө тод бичиж үлдээсэн  Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн 140 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг зохион байгуулж буй байгууллага, хамт олонд талархал илэрхийлье. Төр түших арга ухаан, эрдэм маш чухал гэдгийг өнгөрсөн он жилүүдийн буурал түүх хэлж өгч байна. Төрийг түших, барих, удирдах гэдэг ямар их эрдэм ухаан, хатуужил, сорил шалгалтыг даван туулдгийг бидэнд харуулах нэгэн чухал үйл явдал өнөөдөр болж байна” гэв.

“Сайн ноён хан Т.Намнансүрэн нь шинэ Монгол Улсын гадаад улстай байгуулсан анхны гэрээ болох 1912 оны Орос-Монголын найрамдлын гэрээ, хавсарган тогтоосон гэрээ бичгийг байгуулахад Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүнээр ажиллаж, 1913-1914 онд Хаант Орос улсад Монгол Улсын төрийн тэргүүний анхны айлчлал хийснээр XX зууны Монгол Улсын гадаад харилцааны үндсийг тавьсан юм. Caйн ноён хан Т.Намнансүрэн нь хүн төрөлхтөний хөгжлийн чиг хандлагыг зөвөөр ухаарч, Монгоп Улсад парламентын үр хөврөл болсон Улсын Дээд, доод хурлыг байгуулах, хууль цаазын шинэтгэл хийх, газар тариаланг хөгжүүлэн, эдийн засгийг дэгжүүлэх зэрэг шинэтгэлийн олон саналыг дэвшүүлж, дангаараа болон бусад сайдуудтай нэр хамтлан Богд хаантанд айлтгал өргөн, зарлиг буулгуулан хэрэгжүүлж байсан нийгмийн хөгжил дэвшлийн төлөө тууштай тэмцэгч, шинэтгэгч хүн байлаа” хэмээн  Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар тодотгов.


Тус үзэсгэлэнд Сайн ноён хан аймгийн ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл, Сайн ноён ханы хошууны нутгийн зураг, Бүгд ерөнхийлөн захирах яамнаас Богд хаантанд айлтгасан айлтгал, буулгасан Зарлигийг сийрүүлэн буулгасан данс /1912 он/, Шадар сайд, Сайн ноён ханыг Зарлигаар олон яамны Бүгд ерөнхийлөн захирах сайд талбисан явдлыг мөнхүү сайд ханы зэрэг арван зургаан газраа явуулан тушаах бичгийн эх /1912.07.12/, Сайн ноён ханы дүү хамба хувилгаан Довчинсодномд зарлигаар хишиг хүртээснийг хичээнгүйлэн дагаж явуулах зэрэг учир тушааж явуулсан эх /1913.02.25/, Бүгд ерөнхийлөн захирах сайд Т.Намнансүрэн нараас тариаланг хөгжүүлэн, аж ахуйг дэгжүүлэх талаар айлтгасан айлтгал буулгасан зарлиг /1914.06.19/, Хиагтын гурван улсын гэрээнд оролцож буй Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрх барих сайдуудаас Бүгд ерөнхийлөн захирах сайд Т.Намнансурэн болон бусад сайдуудад илгээсэн шифрлэсэн цахилгаан /1914.12.16/ зэрэг Саян ноён хан Т.Намнансүрэнгийн намтар, түүхэнд холбогдох сонирхолтой баримт бичиг, гэрэл зургуудыг дэлгэжээ.


Мөн Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс түүний хэрэглэж байсан дөрвөн бадамтай, дөрвөн хөлтэй тулга, Монгол Улсын Бүгд ерөнхийлөн захирах сайд, Бүрэн эрх барих Элчин сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнд дурсгасан мөнгөн хайрцаг зэрэг биет ховор үзмэрүүд дэлгэсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байлаа.

Үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд, энэ сарын 17-30-ныг дуустал Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болно. 


Холбоотой мэдээ