Ардчиллын өдрийг тохиолдуулан “Хонхны дуу”-г эгшиглүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-10 14:40:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Одоогоос 29 жилийн өмнө Хүний эрхийн олон улсын энэ өдрөөр Монголын сэхээтэн залуусын төлөөлөл Монголын Ардчилсан холбоог байгуулж, Монгол оронд ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан түүхтэй. "Ардчилал, хүний эрхийн өдөр"-ийг тохиолдуулан өнөөдөр МоАХ-ноос Ардчилсан хувьсгалын анхны зохицуулагч, удирдагч С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн жагслаа.

Жагсагчид уламжлал ёсоор С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсний дараа өнөөгийн Монголын улстөрийн амьдрал гацаанд ороод буйг шүүмжилж, 1990 оны Ардчилсан хувьсгалтай энэ дүйцэхүйц сонголтыг нийгэм шаардаж буйг төр, засагт сонордуулж буйгаа мэдэгдэж, Монголын Ардчиллын сүлд дуу “Хонхны дуу”-г эгшиглүүлсэн юм. Энэ үеэр зарим хүнтэй уулзан үйл явдлын талаар тодруулав. Баян-Өлгий аймгийн Ардчилсан холбооны дарга Х.Хайсанай, “Монгол орны хамгийн алслагдсан манай аймгаас эхлээд орон даяар төрийн албыг завхаруулж дуусч байна. Аймгийн Засаг дарга орон нутгийн иргэддээ бус аймгийн ИТХ-д сонгогдсон хүмүүст үйлчилж, тэднийг ажилтай болгож, тэдэнд тендэр өгч байна. Өнөөдөр ардчиллын 29 жилийн өдөр шударга бус явдал арилаагүй, бидний амьдрал амь бөхтэй оршсоор байгааг эсэргүүцэн бид дуу хоолойгоо өргөж төр, засагт хүргэж байна. Өнөөдрийн төр үүнийг хүлээж авах эсэхийг мэдэхгүй. Энэ янзаараа ард түмнийг тоохгүй, тэдэнд үйлчлэхгүй байна” хэмээн тэмдэглэж байв.


УИХ-ын гишүүн асан, МоАХ-ны гишүүн  Л.Эрдэнэчимэг, “Одоогоос 30-аад жилийн өмнө зүүн Европт болж байсан ардчиллын үйл явцыг дэмжсэн олон арван залуус нэгдэж, яг энэ өдөр Монголын Ардчилсан холбоог байгуулж байсан түүхэн үйл явдлын утга учрыг өнөөгийн залуус мэдэх учиртай. Бид энэ өдрийг МоАХ-ны ойн баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Монголын ардчилагчид эх орны өнцөг булан бүрт, 330 суманд хүрч ажиллан тухайн үедээ нийгмийг доргион зуун зуун мянгаараа босон тэмцсэн түүхтэй. Бид ойн баяраа өргөн тэмдэглэж ирсэн ч боловч харамсалтай нь манай өнөөдрийн нийгэм, эдийн засгийн амьдрал, улстөрийн байдлаас шалтгаалан баяр бус, жагсаал цуглааны хэлбэрээр, УИХ-д шаардлага хүргүүлэх хэмжээнд очиж байна” гэв.


МоАХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн С.Майнбаяр, “1989 оны 12-р сарын 10-ны энэ өдөр бид Хүний эрхийн олон улсын өдөр болж байхад МоАХ байгуулснаа зарлаж Залуучуудын соёлын төв өргөөний үүдэнд анхны жагсаал цуглааныг хийж, Монгол Улсад Ардчилсан хувьсгал эндээс эхэлж байсан түүхэн өдөр юм. Энэ өдрийг манай холбоо жил бүр тэмдэглэн ирсэн ч өнөөдрийн хувьд бол баярлаж өнгөрүүлэхээсээ илүү улстөрийн нөхцөл байдлын шалтгааны улмаас олигархичсан төр, ЖДҮ-чид засаглаж буй засгийг эсэргүүцэж, тэмцлийн хэлбэрээр жагсаж байна.


Энэ өдөр зөвхөн МоАХ-ын өдөр биш, Монголын ард түмэн ардчиллаа олж авсан, Монгол хүн бүрийн, иргэн бүрийн баярын өдөр юм. Гэхдээ өнөөдөр тэр үед бидний авчирсан ардчилсан хувьсгал бүрэн утга учир, агуулгаараа хэрэгжиж чадахгүй байна.


Бид тухайн үед нийгмийн тогтолцоо, Үндсэн хуулийг өөрчилж өнөөгийн парламент ёсыг төлөвшүүлэх талаар олон юм хийсэн ч энд хамгийн том орхигдсон юм нь ёс суртахуун, хүний оюун ухаан, санааны хоцрогдлын асуудал байсан, түүнийг бид өнөөдрийг хүртэл арилгаж чадаагүй байгаа нь монголчуудын өөрсдийн амьдралд том чөдөр тушаа болсоор байгаа”-г онцолж байв. Тэрээр Ардчиллын анхны дууч, тэмцэгч, сэтгүүлч С.Цогтсайхан дүүгийнхээ талаар дурсан ярихдаа,1988 онд дүү маань “Шинэ үе” гэсэн улстөрийн нууц бүлгэм байгуулж, энд С.Амарсанаа, Э.Бат-Үүл, Амарбаяр. Галсантогтох, Насанбөхөө, Жаргалсайхан нарын 10 гаруй залуус нэгдэн хуучин социалист нийгмийн хүнд суртлын дэглэмийн эсрэг тэмцэж эхэлсэн юм. Улмаар 1989 оны 11-р сарын сүүлээр тухайн үеийн МХЗЭ-ийн Төв хорооноос зохион байгуулсан Залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөлгөөн болж энд улсын өнцөг булан бүрээс зураач, барималч, яруу найрагч, сэтгүүлч, архитектор зэрэг олон төрлийн урлагийн залуус цуглаж үзэл бодлоо илэрхийлж, тэр үеийн нийгмийн тогтолцоо болохгүй байгааг өөрчлөн байгуулья гэсан санал бодолд нэгдсэн”-ийг нэхэн санаж байв.


Өнөөдрийн жасгаалд 21 аймгийн төлөөлөл, нийслэлийн 6 дүүргийн МоАХ-ын анхагч төлөөллүүд ирээд буйг МоАХ-ноос мэдэгдэж байв. Тус холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга М.Энхболд нарт хүргүүлж буй шаарда бичигт, өнөөдрийн улстөрийн амьдралын гацаанаас гарах “арга” нь “Ард нийтийн санал асуулгын тухай хууль”-ийн дагуу засаглалын хэлбэрээ тогтоох санал асуулгыг 2020 оны УИХ-ын сонгуультай хамтатган явуулах шийдвэн юм” гэдгийг онцолсон байв.

Б.Болд

Гэрэл зурийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ