Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гар утсаараа авах боломж бүрдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-12-10 13:22:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол залуус эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хаанаас ч авах боломжтой  EMNELEG.MN вэб аппликэйшн бүтээж, хэрэглээнд нэвтрүүллээ.

Монголын Эрүүл мэндийн мэдээлэл судалгааны төвөөс өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэжээ. Одоогоор нийт 170 гаруй эмнэлэг нэгдэж, мэдээ мэдээллээ ирүүлж, үйлчилгээгээ үзүүлэхэд бэлэн болоод байна.


Тус веб аппликэйшныг үүсгэн байгуулагч Б.Тунгалаг, “Өмнө нь  EMNELEG.MN сайт ажиллаж байсан. Бид үүнийг улам боловсронгуй болгосноор ард иргэд гар утас, интернэтээ ашиглан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг авах боломж бүрдэж байна. Тухайлбал, хүүхэд өвдлөө гэхэд хүүхэд гэсэн хэсэгт дарахад анхан шатны оношилгоо гарч ирнэ. Ингэснээр аав ээж, өвөө эмээ нарт цахимаар анхан шатны тусламж үйлчилгээ авахад нь дөхөм үзүүлэх юм. Одоогоор нийт 170 гаруй эмнэлэг манай аппликэшнд нэгдээд байна. Нэгдсэн эмнэлгүүдийн 90 гаруй хувийг хувийн эмнэлгүүд эзэлж байна. Улсын 17, хувийн 150 гаруй эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна.Эмч дуудан үйлчилгээ авсан тохиолдолд тус эмнэлгийн үнэ, тарифыг мөрдөнө" гэв.

EMNELEG.MN нь Эмнэлэг, Эмч дуудах, Цахим эмч гэсэн үндсэн цэсээс бүрдэнэ.

"ЭМНЭЛЭГ" цэсээс:

Өөрийн сонирхож буй эмнэлгийн талаарх мэдээллийг хайх, эсвэл өвчний зовуурын дагуу ойр буй эмнэлгээ хайх боломжтой, үүнд тухайн эмнэлгийн танилцуулга, хаяг, байршил, холбоо барих утасны дугаар, цагийн хуваарь, эмнэлгийн ойролцоох автобусны буудал зэрэг мэдээллийг харуулдгаараа хэрэглэгчдийн цагийг ихээр хэмнэж байгаа юм.

"ЭМЧ ДУУДАХ" цэсээс:

Хэрэглэгчдэд өөрийн буй газраасаа, боломжтой цагаа эмчтэйгээ тохирч цагийн болон дусал тариа хийлгэх, эрүүл мэндийн зөвлөгөө авах, анхан шатны үзлэг оношилгоо хийлгэх боломжтой үйлчилгээ юм. Ингэснээр яаралтай тохиолдолд өөрт ойрхон буй эмнэлгээсээ анхан шатны эрүүл мэндийн тусламж авах боломжтой гэсэн үг.

"ЦАХИМ ЭМЧ" цэсээс:

Өвдсөн тохиолдолд насанд хүрсэн, хүүхэд, эрэгтэй эмэгтэй гэсэн 4 хэсгээс сонгож, гарч ирсэн асуултуудад үнэн зөв хариулснаар цаг алдалгүй анхан шатны оношоо тогтоож, мэргэжлийн эмч нарын 147 төрлийн зөвлөгөөнөөс авах боломжтой.

Энэхүү шинэ аппликэшнийг ухаалаг утастай хүн бүр Android болон IOS үйлдлийн системээс үнэгүй татаж авах боломжтой юм.

 

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ