Аймгийн аварга шатарчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-10 21:07:42


 Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын Увс аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. 

Тэмцээний эрэгтэй төрөлд Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит, Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн шатрын багш М.Дэлгэрдалай 1-р байр эзэлсэн бол Малчин сумаас оролцсон Д.Алтай 2-р байранд шалгарч Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээр тус тус шагнуулжээ. Харин 3-р байранд Хүний эрхийн Үндэсний комиссын Увс аймаг дахь төлөөлөгч Я.Хонгорзул, 4-р байранд Улаангом сумаас оролцсон Ц.Эрдэнэбаатар, 5-р байранд Улаангом сумаас оролцсон М.Буянхишиг нар тус тус шалгарлаа. Эмэгтэй шатарчдаас тэргүүн байранд Түргэн сумын номын санч Ц.Наранмандах орж Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнагдлаа.

Түүнчлэн 2-р байрт "Ойрад" ХДТ-ын ажилтан Ж.Алтанцэцэг, 3-р байранд Тэс сумаас орлцсон Ц.Бадамжав, тусгай байранд Улаангом сумаас оролцсон Ц.Батзаяа нар тус тус орсон юм.

Шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний 2-р шат болох Шатар сонирхогчдын Увс аймгийн аварга шалгаруулах тэмцээн хоёр өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа. Тэмцээнд сумын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан нийтдээ 60 гаруй тамирчид оролцсон. Үүнээс эрэгтэй төрөлд эхний 2 байр, эмэгтэй төрөлд 1-р байр эзэлсэн тамирчид Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа” хэмээн аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг хэллээ.

Холбоотой мэдээ