Дундговьд орос хэлний төв нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-10 21:05:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол-Оросын Найрамдлын сарын аяны хүрээнд тус нийгэмлэгээс Дундговь аймагт орос хэлний олимпиад зохион байгуулж, “Орос хэлний төв” нээж, Орос улсад суралцах эрх олгох зэрэг үйл ажиллагааг 12 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулжээ.

Монгол-Оросын найрамдлын сарын аяны хүрээнд жил зохион байгуулагддаг Орос хэлний олимпиадад аймгийн төвийн сургуулиудаас шалгарсан 28 сурагч, 10 багш оролцож, шилдгүүдээ шалгаруулсан байна.

Багш нарын олимпиадад “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн багш С.Ариунаа “Шилдгийн шилдэг багш”-аар шалгарч,  “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн багш  Д.Батмөнх, Цэгцбилиг сургуулийн багш Б.Урансайхан нар удаалжээ. Багш нарын олимпиадад тэргүүлсэн 6 багшийг ОХУ-ын Эрхүү хотноо мэргэжил дээшлүүлэх эрхийн бичгээр шагнасан ажээ.

Харин хүүхдүүдээс “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагч Т.Номин-Эрдэнэ тэргүүлж, түүнд ОХУ-ын топ зургаан их, дээд сургуулийн аль нэгэнд Оросын Засгийн газрын тэтгэлгээр 5 жил суралцах эрх олгожээ.

Дээрх үйл ажиллагааны хүрээнд Дундговь аймагт орос хэлийг хөгжүүлэх, орос хэлийг гүнзгийрүүлэн эзэмшүүлэх зорилгоор “Говийн ирээдүй” цогцолбор сургууль дээр “Орос хэлний төв” нээж, үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгээс зохион байгуулсан дээрх үйл ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Улаанбаатар дахь Оросын Шинэлэх ухаан, соёлын төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Татьяна Чагдуровна Будаева, Орос улсад сургууль төгсөгчдийн Монголын холбооны гүйцэтгэх захирал Ё.Максим, Орост сургууль төгсөгчдийн холбооны аймгийн тэргүүн М.Энхбат болон албаны бусад хүмүүс оролцжээ.

Холбоотой мэдээ