“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн хаалтын арга хэмжээ энэ сарын 14-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-10 20:26:27
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/   Энэ жил “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн түүхт 40 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд жилийн турш олон арга хэмжээ зохион байгуулж  “Уурхайчин эмэгтэйчүүд”, “Мянган ахмад”, “Мянган инженерийн чуулган” уулзалт, хэлэлцүүлэг, зөвлөлгөөн зохион байгуулжээ.

Харин 12 дугаар сарын 14-нд буюу  “Эрдэнэт үйлдвэр” -ийн эхний ээлжийг ашиглалтад хүлээн авсан түүхэн өдрөөр 40 жилийн хаалтын арга хэмжээгээ зохион байгуулах гэнэ. Тодруулбал, 1978 оны 12 дугаар сарын 14 нд  Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын комисс жилд дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад хүлээн авах баримт бичигт гарын үсэг зурж, ёслолын тууз хайчилснаар дэлхийд данстай, зуунд мөртэй үйлдвэр байгуулагдсан түүхтэй.  

Өдгөө “Эрдэнэт үйлдвэр” ХХК 32 сая тонн  хүдэр боловсруулах хүчин чадалтай үндэсний үйлдвэр болон өргөжиж 2017 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлтийг 102-152 хувиар биелүүлсэн байна. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байхад зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлого ашигтай ажиллаж чадсан байна.


Үүний үр дүнд 320 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улс, орон нутгийн төсөвт 615 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дээд амжилт ажээ. Өөрөөр хэлбэл нэг ажилтан бүр 100 гаруй сая төгрөгийн баялаг үйлдвэрлэсэн байна. Мөн 2017 онд геологи хайгуулын ажлыг 2016 оноос 2 дахин, 2018 онд 3.2 дахин өсгөсний үр дүнд үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмэгдүүлж, цаашид 60  жил ажиллах боломж бүрдсэн байна.


Ийнхүү тус үйлдвэрийн  40 жилийн ойг тохиолдуулан түүхэн гэрэл зургийг  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Олон нийттэй харилцах албанаас олон нийтэд танилцуулж байна

Холбоотой мэдээ