150 иргэнийг түр ажлын байраар хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-12-08 21:52:52


   Увс /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Увс аймгийн нийт нутгаар цас ихээр орсоны улмаас ялангуяа авто замд халтиргаа гулгаа ихээр үүсээд байна. Иймээс Хот тохижилт үйлчилгээний газраас замын халтиргааны эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэн, шороо цацах, төв талбайн цас цэвэрлэх зэрэг ажлыг үе шаттай хийж байна. Энэ хүрээнд ажилгүй иргэдийг түр ажлын байраар ханган 7 хоногийн хугацаатай замын цас цэвэрлэх ажлыг ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлүүлэх гэж байна. Энэхүү ажилд 150 гаруй хүнийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд цас цэвэрлэгээний ажилд ажиллах иргэнийг өдрийн 28 мянган төгрөгөөр тооцож цалинжуулах аж. Аймгийн ХХҮГ-ын  Хөдөлмөр эрхлэлт, нийтийг хамарсан ажлыг дэмжих төсөл хөтөлбөрөөс санхүүжилтийг гаргахаар болсон байна.  

Улаангом хотын авто замд үүссэн цасыг цэвэрлэж, халтиргааг багасгах ажлыг иргэдийн тусламжтайгаар зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд бүртгүүлсэн 150 иргэнийг авто замын чиглэл тус бүрт хуваан нийтдээ 100 орчим км замын цасыг цэвэрлүүлэхээр тооцсон. Ингэснээр шинэ жилийн өмнө хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний эрсдлийг бууруулах зэрэг тал бүрийн ач холбогдолтойгоос гадна ажилгүй иргэдийг түр хугацаанд ч болов хөдөлмөр эрхлүүлэн, санхүүгийн хувьд тодорхой дэмжлэг үзүүлэх юм. Өнгөрсөн жилүүдэд нийтийг хамарсан ажлын хүрээнд ажилгүй иргэдийг замын цас цэвэрлэх ажилд түр ажлын байраар хангадаг ч хүсэлтэй иргэн бүр хамрагдаж чадахгүй байсан. Харин энэ жил 150 хүн болгож хүртээмжийг нэмэгдүүлээд байна. Иргэд ХХҮГ-т бүртгүүлснээр энд ажиллах боломжтой” хэмээн Улаангом сумын ХТҮГ-ын мэргэжилтэн Ө.Бэгзсүрэн хэллээ.

Холбоотой мэдээ