Шүүхийн шинжилгээний тулгамдсан асуудлыг эрдэмтэд хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-12-07 16:08:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль сахиулахын их сургууль, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хамтран “Шинжлэн магадлахуйн орчин үеийн асуудлууд-2018” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Энэхүү хурлаар гадаад орны эрх зүйн орчин, шинжлэн магадлахуйн шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх, ХСИС-ийн Шинжлэн магадлахуйн институтийн судалгааны арга зүйг боловсронгуй болгох чиглэлээр эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүллээ. 

Хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харъяа агентлаг, байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллагын эрдэмтэн, профессор, багш, судлаачид болон БНСУ-ын Үндэсний цагдаагийн их сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн багш Жон Кюу Рэ, БНСУ-ын Үндэсний цагдаагийн их сургуулийн Эрхзүйн онолын тэнхмийн багш Юү Син Жин, Жон Хеэ Рин зэрэг олон улсын эрдэмтэн, судлаачид оролцов. Аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт найдвартай, үнэн зөв байхын тулд шинжлэх ухаан, онол, технологийн ололт амжилтыг ашигладаг байх шаардлагатай. Ингэснээр хүний эрх бүрэн хангагдах шинжлэх ухааны үндэс болно гэж эрдэмтэн судлаачид үзлээ. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлаар Монгол Улсын шүүхийн шинжилгээний практикт тулгамдаж буй онол, арга зүйн асуудлыг хэлэлцэж, олон улсын шинжлэн магадлахуйн мэдлэгийг шинжилгээний практикт нэвтрүүлэх, бүтээгдэхүүн болгон хувиргах талаар эрдэмтэн судлаач, албан хаагчдын үзэл бодлыг сонсох, шинэ санаа, санаачлагыг шүүн хэлэлцэх, зөвлөмж, гарын авлага гаргахад чиглэсэн байна.

Холбоотой мэдээ