НИТХ: Урсгал зардлыг бууруулж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах төсвийг нэмэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-07 14:00:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын төлөөлөгчид өчигдөр ээлжит XX хуралдаанаар 2019 оны төсвийг төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, нийслэл, дүүргийн ирэх оны төсвийн орлого 990.3 тэрбум төгрөг байхаас 289.1 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлж, урсгал зардлын 667.8 тэрбум төгрөгийг баталлаа.

Нийт зарлагын 403.1 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 227.7 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд зарцуулна.

НИТХ дахь МАН-ын бүлгээс зарим төсөл, арга хэмжээний зардлыг бууруулах санал гарсан нь олонхын дэмжлэг авч, Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийн зардалд 10 тэрбум төгрөг төсөвлөснийг 6 тэрбумаар бууруулав. Мөн Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардлаас 500 сая төгрөг хасч, нийслэлийн 380 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад зарцуулах хөрөнгийг 1 тэрбум төгрөгөөр багасгав.



Төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулж, амьдрах орчныг сайжруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж НИТХ дахь намын бүлэг, хороод дүгнэсэн юм. Тиймээс төлөөлөгчид нийслэлийн Засаг даргын өргөн барьсан төсвийн төслийн зарим арга хэмжээний зардлыг бууруулж, шинээр хэд хэдэн төсөл, арга хэмжээг нэмэлтээр оруулав.

Гэр хорооллын орчин, нөхцлийг сайжруулахаар нийслэлийн Засаг дарга дэд бүтцийн төв байгуулахаар төсвийн төсөлд 20 тэрбум төгрөг суулгасан байв. Хурал дахь МАН-ын бүлгээс тус зардлыг 5 тэрбумаар бууруулах санал гаргасныг нь мөн дэмжжээ. Үүнээс гадна хотын захиргааны шинэ байранд тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авахаар 3 тэрбум төгрөг тусгасныг 500 саяар бууруулж, нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар төсвийн төсөлд суулгасан 4 тэрбум 825.3 сая төгрөгийг хаслаа.

Улмаар МАН-ын бүлгээс ирэх онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ажлуудын төсөлд зарим арга хэмжээг нэмэх санал гаргасан. Үр дүнд нь Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн парк”-ын төслийн магадлалын шинжилгээ, байгаль орчны үнэлгээг хийхэд шаардлагатай 400 сая төгрөгийг төсөвт суулгав. Мөн нийслэлийн Чингэлтэй дүүргийн I хорооны 12, 13 дугаар байрны гадна инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэх боломж бүрдэв. Тус ажилд 1.4 тэрбум төгрөг зарцуулна.

Хөрсний ус зайлуулах ажилд нэг тэрбум, айл, өрхүүдэд ус түгээх машины тоог таваар нэмэхэд шаардлагатай 700, "Монгол наадам цогцолбор"-ын дэд бүтцийг сайжруулж, засахад зарцуулах 300 сая төгрөгийг хурал дахь МАН-ын бүлгийн саналаар төсөвт  суулгасан юм.

 

Газар хөдлөлтөд тэсвэргүй хуучны барилга Улаанбаатарт 1000 гаруй бий. Нийслэлийн Засаг дарга ийм барилга, байгууламжийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, бүртгэлжүүлэх ажилд 50 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байв. Тэгвэл МАН-ын бүлгээс зарцуулах хөрөнгийг 200 саяар нэмэх санал гаргаж, төлөөлөгчид дэмжсэн юм.

Мөн тус бүлгээс нийтийн эзэмшлийн талбайд явган хүний зам шинээр тавьж, хуучныг засах зардлыг нэг бумаар нэмж, дөрвөн тэрбум төгрөг болгох санал гаргасан. Төлөөлөгчид орчны тохижилтыг сайжруулах нь зүйтэй гээд уг саналыг дэмжсэн.

Дашрамд дурдахад, МАН-ын бүлгээс ирэх онд хувьчлах өмчийн жагсаалтад “Нарны титэм” худалдааны төвийн “Ж” корпус, “Өргөө” зочид буудал, Багануур дүүргийн II хорооны хуучин барилгыг нэмэх, концессын зүйлийн жагсаалтад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээс Богдхан уулын арын авто замтай нийлэх явган хүний болон дугуйн замтай гүүр, агаарын дүүжин замын бүтээн байгуулалтыг нэмэх санал гаргасан нь олонхын саналаар дэмжигдсэн юм.

Харин НИТХ дахь АН-ын бүлгээс "Хүүхдэд ээлтэй Улаанбаатар" хөтөлбөр хэрэгжүүлэх санал гаргаж, үйл ажиллагааных нь зардалд шаардлагатай 250 сая төгрөгийг төсөвт суулгуулав. Мөн орон сууцны хуучин барилгуудын дээврийн засварт 1.6 тэрбум төгрөг төсөвлүүлсэн. Улаанбаатар хотын хөрсний 40 метрийн гүнээс бохирдол илэрсэн гэх судалгаа бий. Тиймээс АН-ын бүлгээс хөрсний бохирдлыг багасахын тулд шаардлагатай 150 сая төгрөгийг шийдвэрлүүлэх санал гаргасан нь дэмжигдэж, төсөвт суулгалаа гэж Нийслэлийн ИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс мэдээлэв.

Гэрэл зургийг Т.Чимгээ 

Холбоотой мэдээ