2019 онд 47 тэрбум гаруй төгрөгийн ажлыг хийхээр баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-12-08 21:39:34

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт 2019 онд аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулахаар иргэд аж ахуйн нэгж байгууллагаас 90 гаруй тэрбум төгрөг шаардагдах 800 гаруй ажлын санал иржээ.

Үүнийг нэгтгэн эрэмбэлж, дөрвөн бүлгийн хүрээнд 22 зорилт 162 арга хэмжээг төлөвлөж, нийтдээ 47 тэрбум, 153,0 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөснийг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид хэлэлцэн баталлаа.Завхан аймгийн ИТХ-ын YI хуралдаанаар 10 асуудал хэлэлцсэний дотор аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2018 оны хэрэгжилтийг 93 хувь, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 97,2 хувьтай гэж дүгнэсэн байна. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 38,8 тэрбум төгрөгийн ажил хийгдэх бөгөөд энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 20 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин орон нутгийн хөрөнгө оруулалт 1,6 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ жилийн үндсэн чиглэлд бүтээн байгуулалт, тохижилт соёлжилт, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарлаа. Тухайлбал 24 суманд жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, Миний гоё сум аяныг үргэлжлүүлэх, малын эрүүл мэндийн мөшгөх тогтолцоог нэвтрүүлэхээр болжээ. Мөн Тэс омгийн адууг үүлдрээр батлуулах, аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг батлуулах, Хар нуур орчмын дэд бүтцийг хөгжүүлэх, сумдын төвийн доторх цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл шинэчлэлтийг хийхээр болжээ. Түүнчлэн зарим газруудын усан хангамж, ариутгах татуургын угсралтын ажил, аймгийн төвийн багуудын бохирын болон дулааны шугам сүлжээг шинээр хийх, Улиастай сумд гудамж төслийг хэрэгжүүлэх, Ганцын даваанаас Ширээгийн гол хүртэлх авто замыг засаж сайжруулахаар тусгагджээ.

40 гаруй барилгыг үргэлжлүүлэн барина

2019 онд бүтээн байгуулалт, шинэ барилга бариулах томоохон хөрөнгө оруулалтуудыг хийхээр төлөвлөжээ.

Үүнээс Эрдэнэхайрхан сумын ЗДТГ-ын байр, аймгийн МХГ-ын барилга, Асгат, Баянхайрхан, Баянтэс, зэрэг 13 суманд нийтийн спортын талбайг шинээр байгуулахаар болжээ. Мөн Улиастай, Сантмаргаз суманд цэвэр усны худаг, халуун ус, нийтийн спортын талбай байгуулах, Улиастай сумын Жавхлант Цогцолбор сургууль, Тосонцэнгэл сумын 2-р сургууль, Баянтэс сумын 100 хүүхдийн цэцэрлэг гэхчлэн дөрвөн суманд соёлын төвийн барилга зэрэг 30 орчим барилга байгууламжийг шинээр бариулахаар төлөвлөжээ. Харин Цэцэн-Уул сумын 160, Сантмаргаз сумын 320 хүүхдийн сургуулийн барилга, гурван сумын сургуулийн 50,100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг үргэлжлүүлэн барьж ашиглалтад өгөх юм байна. Яруу сумын ЕБС-ийн 2-р байр, спорт заал, Завханмандал, Улиастай гэхчлэн гурван сургуулийн их засвар, хоёр сумын сургуулийн 75 хүүхдийн дотуур байр, хоёр сумын соёлын төвийн засвар зэрэг 40 гаруй объект үргэлжлүүлэн барих болон засварлахаар төлөвлөсөн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ