Аймгийн Засаг даргын хөтөлбөрийн хэрэгжилтийг арав гаруй цаг хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-12-06 22:05:23

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид 10 гаруй цаг хэлэлцэж, “тодорхой үр дүнд хүрсэн” гэсэн үнэлгээ өглөө.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрийн байгууллагын албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэн, шийдвэрийн төсөл боловсруулах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хот байгуулалт, дэд бүтцийн салбарын хөгжлийг эрчимжүүлж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар тодорхой ажлыг зохион байгуулж байна.

“Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт тусгагдсан төсөв санхүү шаардсан зарим ажлуудын хэрэгжилт хангалтгүй, хөтөлбөрийн биелэлтийг дүгнэх тооцоход бодитой хандаагүй, эрүүл мэнд, боловсролын салбарт дорвитой ахиц дэвшил гараагүй, өрх, гэр бүл, иргэний ажилтай орлоготой байх нөхцөл боломжийг бүрдүүлэх зэрэг ажлуудын эхлэл явц удаашралтай байгаад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна гэж хуралдаанаас дүгнэлээ.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2018 оны  гүйцэтгэл 83,4 хувь байна гэж дүгнэснийг аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгч бодитой биш дүгнэлт хэмээн үзэж санал нийлээгүй юм.

Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг бүрэн хэрэгжүүлэх, төрийн захиргааны болон удирдах албан тушаалтнуудын эрхэлсэн ажил, чиг үүргийн биелэлт, ажлын хариуцлага, сахилга бат, ёс зүй, мэдлэг чадвар, чадавхийг сайжруулах, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга З.Батзоригт даалгалаа.

Холбоотой мэдээ