НҮБ: Йемений талууд зөвшилцөлд хүрнэ гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-12-05 10:07:11

ВАШИНГТОН. /Xinhua/. Йемений мөргөлдөөнийг зогсоох зорилготой энхийн яриа хэлэлцээг эхлүүлэх уулзалт энэ долоо хоногийн сүүлээр Шведийн Стокхолм хотноо болно гэдэгт найдаж байна гэж НҮБ-ын хэвлэлийн албаны төлөөлөгч Фархан Хак мэдэгджээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр, хусит босогчид уулзалтад оролцохоор хэдийнэ Шведийг зорьсон аж. Өнгөрсөн есдүгээр сард Женев хотод хуситууд болон Йемений Засгийн газрын төлөөлөгчдийн хурлыг зохион байгуулах оролдлого хийсэн боловч босогчдын төлөөлөл ирээгүй тул амжилт олоогүй юм.


“Өнөө орой НҮБ-ын тусгай төлөөлөгч Мартин Гриффитс Стокхолм хотод хүрэлцэн очно. Энэхүү уулзалт улс төрийн зөвшилцөлд хүрнэ хэмээн найдаж байгаа ба талуудын аль аль нь хуралд оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэж Ф.Хак хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Талууд 2016 онд анх энхийн яриа хэлэлцээ хийснээс хойш түүнийг үргэлжлүүлэх уулзалтыг дахин зохион байгуулж чадаагүй юм. Йорданы нийслэл Амман хот дахь М.Гриффитсийн ажлын албанаас мэдээлснээр, Стокхолм дахь уулзалт ойрын өдрүүдэд эхлэх ажээ. 

Холбоотой мэдээ