Испани уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 900 сая евро гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2018-12-04 14:31:14
МАДРИД. /TASS/. Испани улс агаар мандал дахь хорт хийн хаягдлыг бууруулахад болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 2020 оноос хойш жил бүр 900 сая евро гаргана гэж тус улсын Ерөнхий сайд Педро Санчес мэдэгдлээ.

Парисын гэрээнд тусгасан зорилтуудыг улс орнууд биелүүлэхгүй байна гэж Испанийн Ерөнхий сайд үзэж байгаа аж. “Бид 2015 онд тавьсан зорилтуудыг биелүүлэхэд хол байгааг 2017 оны хорт хийн хаягдлын хэмжээ харуулж байна” гэж тэрбээр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 24 дэх удаагийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Парисын гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүчин чармайлтаа нэгтгэхийг Санчес улс орнуудад уриалсан байна.

Дэлхийн цаг уурын анхны хэлэлцээр болох уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээнд 2015 оны 12 дугаар сард 194 орон нэгдсэн билээ. Уг гэрээнд дэлхийн дулаарлыг тогтоон барихад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлсон бөгөөд нефть, нүүрс, байгалийн хий, шатдаг занар зэргийг олборлоход болон нүүрстөрөгчийн хийн хаягдалд хязгаарлалт тогтоогоогүй юм. Гэхдээ хорт хийн хаягдлыг бууруулах, технологийн шинэчлэл хийх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээнүүдийг гэрээнд нэгдсэн улс орнууд бүгд авах ёстой.


Холбоотой мэдээ