Компаниуд “Дорноговь Их хөгжил санд” мөнгө төлчихөөд орон нутгийн удирдлагын үгийг сонсохоо больсон гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-12-03 17:37:12

Дорноговь /МОНЦАМЭ/. Уул уурхайн компаниудын хандив, дэмжлэгээр  үйл  ажиллагаагаа явуулдаг  “Дорноговь Их хөгжил сан”-гийн тайлан, санхүүгийн мэдээллийг ил болгох санал, шаардлагыг  аймгийн ИТХ-ын хуралдааны  үеэр зарим төлөөлөгч гаргав.

Тус сан нь  хандивлагч компаниудын оруулсан хөрөнгөөр  орон нутагт бүтээн байгуулалт өрнүүлдэг төрийн бус байгууллага аж. Даланжаргалан сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч н.Дэлгэрцэцэгийн хэлснээр тус сангийн хөрөнгийн ихэнхийг Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүрдүүлдэг хэдий ч орон нутгаас бүтээн байгуулалтын ажил зохион байгуулах  санал гаргахад  сан  дэмждэггүй гэх.

Тэр бүү хэл  уул уурхайн компаниуд “Дорноговь Их хөгжил санд” мөнгө төлчихөөд орон нутгийн удирдлагын үгийг сонсохоо болсон.Сумын хэмжээнд нүүрс олборлодог 13 компани буй атал иргэд нь түлэх нүүрсгүй, байгууллагууд нь хамгийн муу чанарын нүүрс түлдэг. “Билэгт баялаг” гэдэг компани багийн Засаг даргын цохолтоор гэртэй айлуудад 2 тонн, байшинтай айлуудад таван тонн нүүрс олгодог.

Гэтэл нүүрсний чанар муу. Сайн чанарын нүүрс авья гэхлээр өгдөггүй талаар тэрээр ярив. Тиймээс санд цугларч буй мөнгөн хөрөнгийн тодорхой хувийг хөрөнгийн эх үүсвэрийг илүү гаргаж байгаа тухайн сумын бүтээн байгуулалтад зарцуулах, сангийн үйл ажиллагааг нээлттэй болгох санал гаргасан юм.

Харин   Санд цугларч байгаа мөнгөн хөрөнгө хандивлагчдын бүтээн босгосон баялгийн тодорхой хувь учир нэг  суманд зарцуулья гэх нь буруу ойлголт. Хандив өгсөн компаниуд өөрийнхөө төлөөллийг сангийн удирдах зөвлөлд томилж ажиллуулдаг.

Эдгээр хүмүүс аймгийн Засаг дарга болон бусад иргэд байгууллагаас  ирүүлсэн төсөл арга хэмжээний саналыг хүлээн авч шийдвэрлэдэг. Сангийн үйл ажиллагаатай холбоотой хардлага зарим хүнд төрж магадгүй юм байна. Бид ирэх оны нэгдүгээр сард зөвлөгөөн зохион байгуулж өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээн байгуулалт, зардал, санхүүгийн тайланг олон нийтэд мэдээлнэ гэж “Дорноговь Их хөгжил сан”-гийн төлөөлөл хариулав.  

Холбоотой мэдээ