Гэрээний үүргээ биелүүлээгүй бичил уурхай эрхлэгчтэй хариуцлага тооцно гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-12-02 18:51:13

Дорноговь /МОНЦАМЭ/. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн, нөхөн сэргээлт хийгээгүй нөхөрлөлүүдтэй хариуцлага тооцох, газрын хэвлийг хууль бусаар хөндөхгүй байх, хөндсөн, ашигт малтмал олборлох гэрээний үүргээ биелүүлээгүй бичил уурхай эрхлэгч этгээдтэй байгуулсан гэрээг цуцалж, хатуу хариуцлага тооцож ажиллах талаар Дорноговь аймагт болсон "Бичил уурхай эрхлэгчдийн зөвлөлгөөн”-ий үеэр аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин мэдэгдэв.

Аймгийн хэмжээнд хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас 416 цэгт 89,27 га газар эвдрээд буй. Харин  хууль журмын дагуу, нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй бичил уурхайчдыг дэмжиж ажиллахаар болов.

Дашрамд дурдахад  11 дүгээр сарын байдлаар Эрдэнэ суманд 10 нөхөрлөл, Айраг суманд  таван нөхөрлөл, Сайхандулаан суманд нэг нөхөрлөл журмын дагуу  76,38 га газарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 145 иргэн бичил уурхай эрхэлж буй.

Зөвлөлгөөнд аймгийн удирдлагууд, зарим сумдын Засаг дарга, байгаль орчны байцаагчид болон бичил уурхай эрхлэгч 60 гаруй иргэн оролцож, бичил уурхай эрхлэгчдийн талаар төрөөс баримталж буй бодлого, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилт болоод цаашид бичил уурхай эрхлэгчидтэй хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Холбоотой мэдээ