Монгол Улсад ДОХ-ын халдвартай 267 тохиолдол илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-30 14:37:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтээрээ жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ХДХВ, ДОХ-ын асуудалд  анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил “Know your status” буюу “Яг одоо шинжилгээнд..” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ талаар өнөөдөр ЭМЯ, ДЭМБ,  НЭМҮТ,  ХӨСҮТ-өөс сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

2018 оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 267 тохиолдол бүртгэгджээ. 2018 онд шинээр 16 тохиолдол оношлогдсон бөгөөд нас баралтын нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс энэ онд 1 вирүс тээгч нас баржээ. Бүртгэгдсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон. Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 20 хувийг 15-24 насны, 40 хувийг 25-34 насныхан эзэлж байгаа юм. ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлоос эмэгтэйчүүд 18.4 хувь, эрэгтэйчүүд 81 хувийг эзэлж буй бол хөдөө орон нутгийн харьяалалтай 20.6 хувь, Улаанбаатар хотын харьяат 79.4 хувь байгаа аж.

2018 онд хийсэн ХДХВ-ын халдварын тархалтын тооцооллоор 2018 онд 653 хүн ХДХВ-ын халдвартай байх боломжтой ба үүний 34.4 хувийг илрүүлжээ.
Манай орны хувьд ХДХВ-ын халдварын шинэ тохиолдлын оношилгоонд анхаарах нь чухал байна.
Халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг. ХДХВ-ын халдвартай ихэнх хүмүүс эрүүл харагдах учир хэн нэгэн хүнийг гаднаас нь хараад халдвартай гэх боломжгүй. Шинж тэмдэг илрээгүй ч ХДХВ-ын халдвартай хүн халдвараа бусдад тараасаар байдаг. ХДХВ-ын халдвар авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэх юм. ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрах нь өөртөө итгэлтэйгээр амьдарч  гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдлээс хамгаалж буй таны үүрэг хариуцлага юм гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.


Иймд Та халдвар авсан эсэхээ мэдэхийн тулд ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээг 21 аймаг 9 дүүргийн БЗДХ-ын кабинетад үнэ төлбөргүй өгч, эмчлүүлж зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой.

Хэвлэлийн хуралд ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны НЭМГ-ыг ахлах мэргэжилтэн Ц.Хандармаа нар оролцов.

Холбоотой мэдээ