"Өрх бүр үйлдвэрлэгч" аймгийн дэд хөтөлбөрийг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-11-30 16:41:41
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 11-р сарын 29-ний өдрийн хуралдаанаар "Өрх бүр үйлдвэрлэгч" аймгийн дэд хөтөлбөрийг баталлаа.

Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс хүн амын хөгжлийнталаар баримтлах бодлого, Засгийн газраас хэрэгжүүлж буй 21:100 хөтөлбөр, аймгийн тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2026, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хэрэглэгчээс-Үйлдвэрлэгч аймаг болох зорилт зэрэг бодлогын баримт бичигт үйлдвэр үйлчилгээний газрыг байгуулах, бүх шатны нэгжийн бодлого зохицуулалтын арга хэмжээ авч ажиллах, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох зэрэг үйл ажиллагааг дэмжих нь хөтөлбөр боловсруулах үндэслэл болсон байна.

Хөтөлбөрийн зорилго нь өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэнийг тодорхойлж, ажилгүй иргэдэд мэргэжил, ур чадварыг эзэмшүүлж, хувиараа болон жижиг дунд бизнес эрхлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлж, хөрөнгө оруулалт бүрийг ажлын байртай уялдуулах замаар шинэ ажлын байруудыг бий болгох, ядуурлыг бууруулах, өрх бүрийг үйлдвэрлэгч болон хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

Энэ онд аймгийн 19 сумын 18200 өрхөөс хөдөлмөр эрхлэлтийн нарийвчилсан судалгааг авахад 2096 өрх нь огт хөдөлмөр эрхлээгүй, сарын дундаж орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.0 мян төгрөгт хүрэхгүй, амьжиргааны түвшин доогуур, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаа боловч, мэдлэг, ур чадвар ажлын дадлага туршлагагүй, өрхийн үйлдвэрлэл нь байнгын бус  үйл ажиллагааны тогтмол орлогогүй байна гэж гарчээ.

Хөтөлбөр нь гурван зорилт, 19 арга хэмжээний хүрээнд 4 жилийн хугацаатай 2 үе шаттай хэрэгжихээр төлөвлөгджээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг орон нутгийн төсөв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулах хөрөнгө, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сан, аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх юм.


Хөтөлбөр хэрэгжсэний дараа сумдын судалгаанд хамрагдсан иргэдийн 70 хувийг ажлын байраар хангасан, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт тэнцвэржиж, мэргэжилтэй ажилтны нийлүүлэлт нэмэгдсэн, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн тогтолцоо боловсронгуй болж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээний хамрах хүрээ өргөжсөн, үр дүн дээшилнэ гэж үзжээ.


Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийт 250.0 сая төгрөгийг ирэх 2019 оны төсөвт суулгахаар өнөөдөр аймгийн ИТХ-аар оруулж байна.

Холбоотой мэдээ