Хурд хэмжигч багажтай болсноор долоо хоногт 99 зөрчил илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-30 10:43:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг хурд хэмжигч багажтай болжээ. Үүнийг Баруун-Урт-Өндөрхаан чиглэлийн А-2001 чиглэлийн төв магистрал замд хяналт тавих зорилгоор ашиглана. Хурд хэмжигчийг ашиглаж эхэлснээс хойш 380 тээврийн хэрэгсэл шалгасан бөгөөд долоон хоногийн хугацаанд 99 зөрчил илрүүлж, гурван сая нэг зуун наян мянган төгрөгийн торгууль ноогдуулсан байна.

“Хурд хэмжигчтэй болсноор маш олон давуу тал бий болно гэж харж байгаа. Энэхүү хурд хэмжигчийн хувьд бусад аймагт ашигладаггүй, манайх хөдөө орон нутгаас анх удаа нэвтрүүлж байгаа гэдгээрээ онцлог. Аймгийн хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар зам тээврийн осол 12,3 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Тиймээс хөдөө орон нутгийн замд хурд хэмжигчийг зайлшгүй ашиглах шаардлагатай. Манай тасгийн хувьд багажаа 24 цагаар ашиглаж байна. Зөөврийнх учир хаана ч ашиглах бүрэн боломжтой. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослыг бууруулах зорилгоор цаашид Мөнххаан, Түмэнцогт сумдын зам дээр ашиглаж, хяналт шалгалт хийхээр төлөвлөж байгаа.” гэж Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Ганзориг хэллээ.

Замын хөдөлгөөний дүрэмд орон нутгийн замд 80 км цагаас дээш хурдтай явахыг хориглодог. Гэтэл орон нутгийн замд явж буй жолооч нарын дийлэнх нь энэхүү дүрмийг зөрчдөг. Ялангуяа оройн цагаар энэ байдал түлхүү ажиглагддаг гэдгийг хэлж байлаа. Тэгвэл хурд хэмжигчтэй болсноос хойш одоогоор хурд хэтрүүлэн гарсан зам тээврийн хэрэг, осол бүртгэгдээгүй байгаа аж.

Аймгийн Цагдаагийн газар, ЗДТГ-тай байгуулсан гэрээний дагуу, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс 45 сая төгрөгийн санхүүжилт шийдвэрлэж өгснөөр хурд хэмжигч багаж авчээ. Тус багаж нь өөр дээрээ 50 мянган тээврийн хэрэгслийн мэдээллийг хадгалах хүчин чадалтай юм байна.  

 

Холбоотой мэдээ